Монголд анх удаа хувийн хөрөнгийн бирж байгуулсан тухай Монголын Үнэт цаасны биржийн арилжаачдын удирдлагын албаны мэргэжилтэн Ч.Баасандаваатай ярилцлаа.
- Одоогийн байдлаар Монголд хөрөнгийн биржийн хөгжил сул дорой байгаа гэж хэн хүнгүй хэлж байна. Монголын хөрөнгийн бирж уналтад орсон шалтгааныг юу гэж харж байна. Яагаад бирж байгуулах санааг гаргасан бэ?
- Энэ санааг хөрөнгө оруулагчид гаргасан. Манайх 2008 оноос зах зээлийн байдлын тухай болон шинэлэг бүтээгдэхүүн оруулбал хэр зэрэг үр ашигтай байх вэ гэдэгт судалгаа хийж эхэлсэн. Тэгээд 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа эрхлэх, төлбөр тооцооны зөвшөөрөл аваад биржээ байгуулсан. Албан ёсоор Монголын үнэт цаасны бирж жилийн өмнө байгуулагдсан. Үндсэндээ долоон жилийн турш судалгаа хийсэн юм. Монголын хөрөнгийн бирж уналтад орох шалтгаан нь их эртнээс гэж хардаг. Хөрөнгийн биржүүдийг анх хувьчлахад 175 компани байсан. Одоо 236 болсон. Одоогийн байдлаар эдгээр компаний арилжааг харахаар 40 гаруй компани л арилжаагаа идэвхтэй явуулж байна. Энэ бүхний шалтгаан нь эртнээс бирж буруу тогтолцоотой явагдсан болон хувьчлалын үеэр хэт их төвлөрөл явагдсанаас үүдэлтэй.
- Ямар шалтгаан дээр үндэслэж бирж байгуулж байна вэ? Ашиг олох боломжийг юунаас олж харав?
- Өнөөдөр бид санхүүгийн зах зээлээ олон тулгууртай болгох хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн зах зээлийн эрсдэлийг тархаан байршуулах шаардлага үүсч байна. Тиймээс ч хөрөнгийн биржийн байгууллагууд хамтраад үнэт цаас худалдан авах үйл явцыг хялбар байлгахад анхаарч ажиллаж байгаа. Хамтарч ажиллаж байгаа гол шалтгаан бол арилжаа эрхлэгчдийн холбооноос мэргэжлийн байгууллагынханд зах зээл байна гэж үзэж байгаа юм. Тухайлбал, бирж дээр 236 компани бүртгэлтэй, 30 гаруй компани арилжаа эрхэлж байна. Цаана нь татварын байгууллагын тооцоогоор 50 гаруй мянган сайн татвар төлөгч байгаа гэсэн. Эдгээр компаний ихэнх хувь нь хөрөнгө оруулагч хайж байгаа. Тэгэхээр тэр компаниуд хувьцаа гаргах боломжтой. Үүнийг л бид нээж өгөх зорилготой. Манай компанид хувьцаа гаргаад тухайн компани амжилттай ажиллана гэдэгт итгэж байгаа учраас л хөрөнгийн биржээ байгуулсан. Хэдий цаг үеийн байдал хэцүү байгаа боловч нөгөө талаараа боломж байгаа учраас амжилтанд хүрнэ гэж харж байна. 2017 оны гуравдугаар сараас эхний арилжаагаа хийх төлөвлөгөөтэй.
- Монголд анх удаагаа хувийн хөрөнгийн бирж байгуулагдаж байна. Хаанаас хөрөнгө оруулалтаа авсан бэ?
- Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай, Монгол компани.
- Гадаад орнуудын хөрөнгийн бирж нь олон зуун жилийн туршлагатай. Биржээ байгуулахдаа гадаадын компаниудаас туршлага судалсан уу?
- Гадаадад олон сайн бирж байгаа. Манай компани “Nasdaq” компанийн технологийн системийг оруулж байгаа. Энэхүү технологийг нэвтрүүлсэн 70 гаруй бирж байдаг. Цаана нь 100 гаруй бирж байгаа. Манайх тэдний стандартыг л оруулж ирж байна.
- Үйл ажиллагаагаа аль чиглэл рүү түлхүү явуулах вэ?
- Манай компани арилжаа, тооцоо аль алиныг нь хийнэ. Хувьцаа, үнэт цаас арилжигдаад, түүний төлбөр тооцоо хийнэ. Төлбөр тооцооны газар биржээр хийлгэдэг. Манайх бол өөрсдөө хийнэ гэсэн үг.
- Мөн компаниудад хувьцаа гаргаж өгөх юм байна. Ямар шалгуур хангасан компанид хувьцаа гаргаж өгөх вэ?
- Манай брокер дилерийн компани 11 гишүүнтэй. Тэдгээр гишүүн компаниуд манайд хувьцаа гаргана. Манайх арилжааг нь явуулж тооцоог нь хийж өгнө. Манайх гишүүнчлэлийн тусгай албатай. Үүнд бүртгэгдсэн: “Гаули” ХХК, “Пэрэвлент” ХХК, “Дэлгэр Хангай” гэх мэт. Хэрэв манайд бүртгүүлэхийг хүсвэл компани дээр ирж бүртгэлийн талаарх мэдээлэл авч болно. Ер нь гол шалгуур нь ашигтай ажилласан, орлого нь тэдэн хувьд хүрсэн байх гэх мэт. Манай msx.mn гээд сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Таван гол журмаа бас танилцуулсан байгаа.
- Нууц биш бол хөрөнгийн хэмжээгээ хэлээч?
- Би ажилчин хүн учраас манай компанид ямар хөрөнгө оруулагч хэдэн төгрөг оруулсныг сайн хэлж мэдэхгүй байна. Дандаа Монгол иргэд л хөрөнгө оруулалт хийсэн.
- Эхний хувьцаагаа гаргасан уу?
- Ер нь бэлтгэл ажлаа хангаад дууссан. Эхний хувьцаа гаргахаа хүлээгээд байж байна. Туршилт дуусаад IPO-ийн эхний материалууд ирээд шалгагдаж байгаа. Тиймээс арилжаалаад тооцоо хийхэд бэлэн. Мөн биржийн бүртгэлийн шалгууруудыг хангаж байна уу гэдгийг шалгаж байгаа.
- Иргэдийн хөрөнгийн биржид итгэх итгэл ямар байна вэ?
- Энэ онд 87 мянган иргэн үнэт цаасны данс нээлгээд арилжаанд оролцож эхлээд байна. Энэ нь олон нийтийн дунд хөрөнгийн зах зээлд итгэх итгэл тодорхой хэмжээнд нэмэгдэж байгааг харуулж байна. Зөвхөн мөнгөний зах зээл буюу арилжааны банкнуудаар дамжуулж мөнгөө хадгалуулах, өсгөх процесс өөрчлөгдөж, хөрөнгийн зах зээл рүү орж ирэх хандлага нэмэгдэж байна гэж харж байна. Цаашдаа хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрснээр зах зээл цаашаагаа хөгжих нэг шат болж байгаа юм.
Б.Янжилдулам
Сэтгэгдэл ( 3 )
Ahoj, Jste podnikatel nebo žena? Jste v jakékoli finanční stres? potřebujete úvěr se založit svůj vlastní podnik? Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí? Odpověď je zde při nízké rychlosti 2%, Napište nám patolízal na paydayloancompany9@gmail.com
za ene chin byh orond l baidag jiriin odor dutmiin ajil, huvi hymyys hynii mongo avch birj deer ajillaj baidag,,,medehgui um baina, harya
арилжааны банкууд хэтэрхий их мөэнгө хүүлдэг