Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил тоглож наадах, хамт олны дунд хөгжих боломж тэр бүр байдаггүй. Гэвч аль болох энгийн хүүхдүүдтэй тоглох, хамт байх орчин нөхцөлийг нь бүрдүүлж нийгэмшүүлэх нь сэргээн заслын үр дүнтэй аргад тооцогддог байна. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 ортой сэргээн засах тасгийг нээж олон үр дүнтэй ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өдөр тутмын маш их асаргаа сувилгаа шаарддаг. Тиймээс тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах явдал зайлшгүй чухал юм. Хамгийн наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон асаргаа сувилгаанаас гадна амин дэмээр баялаг, аюулгүй, зохимжтой хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Тиймээс гарын доорх материалаар гэрийн нөхцөлд хэрхэн тэжээллэг нэмэгдэл хоол хийх, хэл засал, хөдөлгөөн заслыг хэрхэн хийх, хамт олонтой нийгэмшүүлэх сургалт зохион байгуулжээ. Хүүхдүүдийн дунд тоглоом тоглуулж, алхах гишгэхэд нь тусалж, бие биедээ урам өгч хамтдаа хөгжилдөх цагийг гаргасан байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бие даан амьдрахад нь туслаж дэмжих орчин бүрдүүлэх, эцэг эх асран хамгаалагчдыг хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх аргад сурган эрүүл мэндийн боловсрол олгох мэдлэг дадлага эзэмшүүлэх зорилгоор сарын аяныг зохион байгуулаад байгаа ажээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ