Манай улсын гадаад худладааны нийт бараа эргэлтийн хэмжээ оны эхний 10 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 8.4%-иар буюу 595.4 сая ам.доллараар буурч 6494.6 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 5.1%-иар буюу 200.5 сая ам.доллараар, импорт 12.5%-иар буюу 394.9 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн гэдгийг Монгол банкнаас мэдээллээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 957.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 194.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлүүдийн нэг юм. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2016 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 1023.3 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 15.7 сая ам.доллараар өссөн байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.7% буюу 3944.5 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3% буюу 731.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 10.8%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 18.8%-иар тус тус буурсан байна.
Гадаад худалдааны нөхцөлийн индекс тайлант хугацааны эцэст өмнөх оны мөн үеэс 7.3%-иар буурсан бол, өмнөх сараас 6.7%-иар өсч 1.283-д хүрлээ. Тайлант сард хэрэглээний барааны импортын үнэ буурсан, зэсийн баяжмал, нүүрсний экспортын үнэ өссөнөөс худалдааны нөхцөл өмнөх сараас сайжирсан байна.
Д.Үржинбадам
Сэтгэгдэл ( 0 )