Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний газартай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна. Энэ талаар өчигдөр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Д.Ганчулуун, Аймгийн ХБИ-ийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Б.Батсүх нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтыг "Шүүхэд мэдүүлэх эрх- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль”, “Хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд явуулах, энэ сарын 25-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлгийнг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд явуулах, 28-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй” сэдэвт өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Мөн 12 дугаар сарын 2-ний өдөр аймгийн "Хөгжлийн төв" дээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн оёдлын бүлгийн нээлт, 3-ний өдөр Залуучууд театрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөрт зориулсан баярын хурлыг зохион явуулахаар болсон талаар хэвлэлийнхэнд ярилаа. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top