Төрийн бус байгууллагуудад 450 сая гаруй төгрөгийн санхүүжилт олгожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

Улсын хэмжээнд 120 мянган Төрийн бус байгууллага байна. Үүнээс 40 орчим мянга нь үйл ажиллагаа явуулдаг, 4000-5000 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооцоо гарчээ. Харин 2016 оны байдлаар Орхон аймгийн хэмжээнд 120 гаруй Төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс 50 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

Үйл ажиллагааны чиглэлийн тухайд гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ихэнх хувь нь соёл урлаг, эрүүл мэнд биеийн тамир спорт, шинжлэх ухаан хүний эрхийн чиглэлээр ажилладаг ажээ.

Орхон аймаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин хөгжүүлж ажиллах, төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд 2008 оноос эхлэн ТББ-уудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. 2008-2015 оны хооронд орон нутгийн төсвөөс давхардсан тоогоор 260 гаруй ТББ-д 450 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Ажлын үр дүнг ЗДТГ-ын бодлогын хэлтсүүд жил бүрийн эцсээр дүгнэдэг байна. Энэхүү санхүүжилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтууралтай тэмцэх, гэр бүлийн асуудлыг дэмжих, нөхөн үржихүйн сургалт явуулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хууль сурталчлах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах гэх чиглэлд зарцуулагджээ.

Дашрамд өгүүлэхэд орон нутгаас төрийн бус байгууллагуудад бодлогын зөвлөгөө өгдөг болох гэнэ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top