Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр аймгийн удирдлагуудад Ханхонгор суманд гарсан малын цэцэг өвчний голомтыг илрүүлж, өвчний голомтыг түргэн шуурхай зогсоосонд талархал илэрхийлж, цаашид малчид ард иргэддээ илүү хүрч ажиллахыг үүрэг болгосон байна.
Өмнөговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл боломжийн хангагдсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90.2 хувьтай хангагдсан бол төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84.1 хувьтай хангагджээ.
Аймгийн аюулгүй нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл татсан бол малчид 8786 тонн өвс хадлан нөөцлөхөөс 6100 тонн өвсийг нөөцөлжээ. Харин сумдын аюулгүй нөөцөд 436 тонн өвс, 268 тонн тэжээл байгаа ба өвс тэжээл татаж нөөцлөх ажил үргэлжилж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2.2 сая тоо толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )