Хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 25

Завхан аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг анх 2006 онд зохион байгуулж байсан бол өнөөдөр 10 жилийн дараа хоёр дахь зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгчид оролцож байгаагаас гадна сум бүрээс төлөөлөл ирсэн бөгөөд нийт 300 орчим төлөөлөгч энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа юм. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан “Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт”, мастер тогооч Д.Тунсаг “Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах”, “Завхан хүнс атар” ХХК-ийн захирал Д.Мөнхзаяа “Хүнс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Х.Даваахүү “Хүнсний үйлдвэрлэл эрхлэлтэнд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Их Алтайн хил залгаа бүс нутгуудийн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нөөц чадавхийн судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гарган батлах юм. Аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш хүнс үйлдвэрлэгчийн “Ур чадвар-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдээ тодруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top