Дундговь аймгийн онцлогийг харуулсан брэнд, бэлэг дурсгалын зүйлстэй болж орон нутагаа гадаад, дотоодод сурталчилах, орон нутгийн гар урлал, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор бэлэг дурсгалын зүйл шалгаруулах уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 1-10-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ хүлээн авч шалгаруулах юм. Уралдаанд шалгарсан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчтэй аймгийн ЗДТГ гэрээ байгуулан хамтран ажиллана.
Ирүүлэх бүтээгдэхүүн нь Дундговийн онцлогийг харуулсан, өнгө үзэмжтэй, жин багатай, сав баглаа боодол хийх боломжтой, өртөг хямд, хувь хүн болон хамт олонд өгөх боломжтой, шил, төмөр, арьс, шир, эсгий гэх мэт орон нутгийн түүхий эд ашигласан, олон тоогоор үйлдвэрлэх боломжтой, тогтмол үйлдвэрлэдэг, 8*8-аас 15*20 –ын харьцаатай байх шаардлагатай. Бүтээгдэхүүнийг ирүүлэхдээ биет болон зурган байдлаар ирүүлэх ба үнийн санал, овор хэмжээг тусгасан байна.
Уралдаанд ирүүлсэн бэлэг дурсгалын зүйлсийг тусгай комисс шалгаруулж эхний 3 байрыг шагнах юм. 1 дүгээр байр 300.000 төгрөг, 2-р байр 200.000 төгрөг, 3-р байр 100.000 төгрөгөөр урамшуулна. Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын 70592494, 70592114, 95039951 утсаар авах боломжтой.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )