Ирэх онд эдийн засгийг босгох гол найдвар ”Эрдэнэс Тавантолгой” мөн үү

2016 оны 12 сарын 02

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс дордож, олон улс дахь зээлжих зэрэглэл B3 ангилалаас шат бууран эрсдэлтэй зэрэглэлд шилжсэн, валютийн ханш хяналтаас гарсан, дотоодын аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь нь үүдээ хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөөр байгаа хүнд үе үргэлжилсээр...

Хаа сайгүй Монгол хүн бүр л эдийн засаг хэзээ сайжирах бол, амьдрал хэзээ дээшилж, цалин орлого нэмэгдэх бол гэсэн асуулттай,  банк, ломбардны зээл, төлбөрт баригдчихсан, бухимдсан, итгэл алдсан, гэгээтэй мэдээ хүлээсэн хүмүүс тааралдах нь энгийн үзэгдэл боллоо.

Харин оны эцсээр Хятадад нүүрсний үнэ өсөж, тэр тусмаа Тавантолгойн нүүрс авах сонирхолтой урд зүгийн олон хүн Монголруу зүглэх болсонтой зэрэгцээд “Эрдэнэс-Таван толгой” ХК 27 доллар байсан үнийг шат дараатайгаар нэмэгдүүлж 33, дахин 50 ам доллар болгон өсгөж, 2017 оноос 60 гаруй доллараар зарах болсноо мэдэгдсэн нь олон саар мэдээ дундаас сонгосгдсон сайн мэдээ нь болчихлоо.

Тодруулж хэлбэл, Эрдэнэс-Таван толгой олборлосон нүүрсээ зах зээлийн үнээр худалдаж 2017 оны эхний хагас жилийн дотор Чалко компанийн удаан үргэлжилсэн өрийг бүрэн дарж, улсын төсөвт 100 гаруй сая ам.доллар төвлөрүүлж, Тавантолгойн орд орчимд 5000 гаруй ажлын байр бий болгох талаараа танилцуулсан.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 онд нийт 14 сая тонн нүүрс экспортлож, дангаараа 700 орчим сая долларын борлуулалт хийх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд хэрэв энэ байдлаараа ажиллаж чадвал ирэх онд зөвхөн валютын эргэлтийг 140 гаруй сая ам.доллараар өсгөхөөр байгаа нь 2017 эдийн засгийн гол найдлага тавьж байгаа компани гэдгийг судлаачид онцолсон.

Манай эдийн засгийн ачааны хүндийг уул уурхай, тэр дундаа нүүрс экспортлогчид үүрсээр ирсэн уламжлал хадгалагдаж, Уул уурхайн салбараас ирэх онд 1 их наяд төгрөгийн татварын орлого авна гэж Сангийн яам тооцжээ.

Ямартай ч нүүрсний салбарынхан 2017 онд эдийн засгийг сэргээхэд гол хувь нэмрээ оруулах нь дамжиггүй ч тэр дундаа Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гадна төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагаанаас олон зүйл шалтгаалахаар байна.

Г.Баатар

Эх сурвалж: Zaluu.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top