Ипотекийн зээлийг өмнөх зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

Үл хөдлөх хөрөнгийн салбарыг тойрсон ипотекийн зээлийн санхүүжилт өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. 

Одоогийн байдлаар, ипотекийн зээлийг "Ирээдүйн тэтгэврийн нөөц" санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжүүлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэж байна, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулагдана гэсэн үг юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард  Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг олгожээ. 

Нөгөө талд арилжааны банкууд зээлийн хүсэлт шинээр хүлээн авахгүй байгаа юм. Өнгөрсөн  аравдугаар сард л гэхэд нийт 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 419 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 253 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Ингэхдээ тухайн  банк өөрийн хамтран ажилладаг  хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байгаа юм. Одоогоор  "Голомт банк" ийн замаар зээлийн хүсэлт авч байгаа бол бусад арилжааны банкууд хүсэлт хүлээн авахгүй байгаа аж. Ингэснээр тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сараас 31.9%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд "Монголбанк ирэх онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг хийхээр боллоо" гэсэн мэдээлэл гарах болсон. Гэвч энэ нь ташаа мэдээлэл болохыг Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил ингэж тайлбарлалаа. Тэрээр "Мэдээллийн хэрэгслээр явсанчлан ипотекийн зээлд зориулж ирэх онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгогдоно гэдэг нь ташаа мэдээлэл юм. Монголбанкнаас банкуудад өмнө нь олгосон ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 10, 11 сард олгогдсон зээлийн эх үүсвэрээс 250 тэрбум, 12 дугаар сарын 572 тэрбум, нийтдээ 822 тэрбум төгрөгийг төлөх хугацааг 6 сар болон нэг жилээр сунгасан. Үр дүнд нь арилжааны банкууд нийт 822 тэрбум төгрөгийг Монголбанкинд энэ ондоо багтаж төлөх байсныг дараа онд төлөхөөр болгосон явдал юм. Үүнийг харин дахин санхүүжилт хийгдэнэ гэж буруу ойлгосон бололтой" гэв.

Цааш ипотекийн зээлийн нөхцөлүүдийг хэвээр хадгалах замаар үргэлжлүүлнэ гэсэн бодлогыг Монголбанкнаас баримтлан ажиллаж байгаа аж. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.184.34) 2016 оны 12 сарын 09

5-аас дээш жил орон сууцны зээл аваад хүү эргэн төлөлтөө хугацаанд нь төлж байгаа иргэдийн зээлийг аль ч банк нь хамаагүй автоматаар ипотек руу шилжүүлэх заалтыг журмандаа оруулаачээ.Хангалттай хүү төллөө шүү дээ.Ийм зээлтэй хүмүүс төрд хийх юмаа хийчихсэн одоо ажилгүй байгаа хүмүүс л үлдээд байгаа шүү дээ.Ядарсан ард иргэддээ буян болох хэрэгтэй шүү дээ.Наад банкныхан чинь хэнийг ч бодохгүй хүүгээ авах болж өгвөл байрыг нь хураагаад авчихыг л бодож байдаг юм билээ. МАН энэ асуудлыг анхаарч үзээч

0  |  0
Top