Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын дарга Юлия Тимощенко Дээд Радын хуралд үг хэлэхдээ эрх баригчдыг хурцаар шүүмжилжээ. Тэрээр саяхан Львов хотод ажилласан юм байна. Тэнд хэд, хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцож, гудамж, дэлгүүрээр хэсэн иргэдийн санаа бодлыг сонссон нь түүнийг ихэд бухимдуулжээ.
“Тэнд үзсэн шиг нус нулимс, цөхрөл, уур бухимдлыг би өмнө нь хэзээ ч харж байсангүй. Иргэд Майданы бослогын үр дүнд байгуулагдсан шинэ эрх баригчдад сэтгэл маш дундуур байна. Засаглаж чадахгүй бол чаддагт нь өгөөд өөрсдөө зайлах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд гэж нэрлээд байсан хуучин эрх баригчид та нараас арай дээр байсан гэсэн хатуу үгийг би тэнд анх удаа сонслоо. Львовын иргэд ийм бодолтой байгаа бол бусад мужуудад ч байдал дээрдэх юмгүй гэсэн үг” гэж тэрээр өгүүлсэн байна.
Амьдрал доройтож, амьжиргаа нь муудахын хэрээр украинчуудын дунд өнгөрснөө санагалзаж, хийсэн сонголтдоо эргэлзэх нь байдал газар авч байгаа бөгөөд энэ талаар ганц Ю.Тимощенко дуугарч байгаа хэрэг биш юм. Киевийн эрх баригчид Олон улсын валютан сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, таван тэрбум ам.долларын зээл авсан ч үр дүнд хүрээгүй тул өнгөрсөн жил “Extended Fund Facility” буюу арай урт хугацаатай хөтөлбөрөөр сольсон билээ. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд Киев Олон улсын валютын сангийн өмнө маш олон үүрэг амлалт авсан нь эдүгээ украинчуудыг туйлдуулж, улмаар улс төрийн үзэл бодолд нь нөлөөлж эхэлсэн байна.
Киев Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу өнгөрсөн гуравдугаар сараас эрчим хүчний үнийг үе шаттайгаар чөлөөлөн өнгөрсөн зургаан сарын дотор 75 хувиар нэмсэн. Гэтэл дээр нь нэмээд бага сургууль, эмнэлгүүдийг татан буулгасан байжээ. Энэ нь хичээлийн шинэ жил эхлэхэд мэдэгдэлгүй хаачихав. Тэтгэврийн насны хязгаарыг нэмж, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг зогсоож байгаа нь Украиныг улс төрийн ужгирсан хямрал руу түлхэж тун ч магадгүй болжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Станд бай бол долларын эздийн колончлолын нууц зэвсэг
manaih bas ene hotolbort hamragdah geed bgaa baihaa bodoh l heregtei ed bna