Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1, 2 дугаар багт Бог малын халдварт цэцэг өвчин илэрч аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж 72 цагийн дотор холбогдох арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь авч ажилласан байна.
Хонгор сумын 2 дугаар багийн Зурамтай гэх газрын Хар модотын гуу орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсанд сумын Засаг даргын энэ сарын 07-ны өдрийн 243 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу 5 айлыг оролцуулан 4 км радиустай голомтын бүсийг тогтоож, 255 бог малыг устгаж, 396 бог малд вакцин хийжээ.
Түүнчлэн Хонгор сумын 1 дүгээр баг Буурлын орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын энэ сарын 08 өдрийн 246 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу 4 айлыг оролцуулан 200 метр радиустай голомтын бүсийг тогтоож 41 бог малыг устган 80-н бог малд вакцин хийсэн байна. Аймгийн Засаг даргын энэсарын 09-ний өдрийн 07 тоот албан даалгавар, Бог малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх аймгийн онцгой комиссын ажлын төлөвлөгөөний дагуу хяналт тавьж байна. Мөн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Дархан- Сэлэнгэ чиглэлийн Хөтөл, Буурал хангай 40-ын постын шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналтыг тавьж мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй махыг буцааж байгаа ажээ.
Хонгор сумын 2 дахь голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд олон улсын зам дагуу ариутгал халдваргүйжилтийг хийж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан ариутгалын бодисыг шингэнээр нь цацах бус харин нунтаг хэлбэрээр ашиглаж байгаа гэв. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс иргэд та бүхэн цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа мах түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )