Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт болоод нийслэлд барьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнуудыг иргэдэд түрээслүүлэхээр болсон билээ.
Энэ дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууц “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжсэн.
Нийслэлийн тухайд “Буянт-Ухаа-2” хорооллын ашиглалтанд орсон 68 м.кв талбайтай гурван өрөө орон сууц үүнд багтаж байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7-р хорооллын "Хангай" хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр болсон бөгөөд эдгээр түрээсийн орон сууцнуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг өнгөрсөн наймдугаар сард зохих журмын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зохион байгуулсан билээ.
Гэвч тус хорооллын байрнуудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудийн үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй байдал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх иргэд өнгөрсөн есдүгээр сард байрандаа орно хэмээн гэрээ байгуулж улмаар гурван сарын түрээсийн урьдчилгаа мөнгөө төлсөн байдаг. Гэвч өдгөөг хүртэл байрандаа орж чадахгүй улмаар бусдын гэрээр гэр хийн олон сар өдрийг өнгөрөөж байгаадаа цөхөрсөн иргэд БХБЯ-нд өнөөдөр хандлаа.
Тэднийг БХБЯ-ны ТЗУГазрын дарга У.Отгонбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн орон сууцны корпораци” Түрээсийн орон сууц төслийн цахилгааны инженер н.Баттүвшин болон ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар хүлээн авч уулзсан юм.
Энэ тухай иргэн С.Сайнжаргал
“Бид өнгөрсөн наймдугаар сард ТОСК-тай гэрээ байгуулаад урьдчилгаа гурван сарын мөнгөө өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл "Хангай" хотхоны түрээсийн орон сууц цахилгааны асуудлаа шийдээгүйгээс үүдэж 200 гаруй иргэд орон сууцандаа орж чадахгүй эд мөнгө, сэтгэл санаагаар хохирч байна. Шат шатны байгууллагууд нь бие бие рүүгээ жихсээр дөрвөн сар боллоо. Төслийг гүйцэтгэгч “Бэрэн” групп болохоор "Манайхаас шалтгаалсан зүйл байхгүй маргааш ч гэсэн оруулахад бэлэн байна. Яамнаас асуу л" гэдэг. Нам солигдсоноос болж олон хүн энэ мэт байдлаар хохирч байна. Анх гэрээ байгуулахад есдүгээр сарын 1-н гэхэд айлуудаа оруулж эхэлнэ гэж хэлж байсан” гэв.
Цааш иргэн Д.Батбаатар хэлэхдээ “Түрээсийн орон сууцанд орохоор болсноо сонсоод тухайн үед маш их баярлаж байсан. ТОСК түрээсийн байрыг есдүгээр сар гэхэд ашиглалтанд орно гэж хэлээд биднээс хамаарах бүх зүйлийг авсан, шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 15,15 хоногоор хойшилсоор дэн өвөлтэй золгууллаа. Бид холбогдох 5-6 байгууллагын хооронд ямар хариуцах эзэнгүй явсан учраас аргаа бараад өнөөдөр яаманд хандаж байна. Байрандаа орно гээд бусдын зуслангийн байшин тэр ч бүү хэл нар, сар гэрэлтсэн зуны байшинг хүртэл түрээслэн амьдарч байгаа хүмүүс бидний дунд байна. Асуудлыг өөрсдөөсөө холдуулж бусад руугаа түлхсэн байдлаа болиод энэ олон хүмүүсийг ойрын хугацаанд байранд нь оруулж өгөхийг хүсэж байна. "Бэрэн" группийн зүгээс 100 хувь бид ажлаа хийсэн гэж байгаа юм. Газрын даргын сая хэлэхдээ “Зуслангийн байшинд цахилгаан тавих гэж байгаа биш, тодорхой хэмжээгээр хугацаа зарцуулагдана” гэлээ. Үүнийг ойлгож байна. Гэхдээ дөрвөн сар өнгөрөхөд Монгол улсын БХБЯ гуравхан байрны цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй байна гэж юу байсан юм. Энэ байдалд чинь ард түмэн үнэхээр бухимдаж байна. Бидэнд яам ямар хариу өгөхөөс шалтгаалаад бид дараа дараагийн арга хэмжээндээ орно” хэмээн ярилаа.
Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Энэ цахилгааны асуудал нэлээд ажилгаатай ажил юм билээ. Өнгөрсөн сарын 18-нд Эрчим хүчний сайдын тушаал гарч комисс ажиллаж эхэлсэн. Бид үүний дагуу өдөр бүр Эрчим хүчний яамтай холбогдож байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр маргааш өглөөнөөс эхлээд 72 цагийн турш туршилтын холболт хийгдэнэ гэдгийг хэлмээр байна. Туршилт амжилттай болбол ирэх долоо хоногийн Даваа гариг гэхэд иргэд байрандаа орно гэсэн мэдээллийг надад өгсөн байгаа. Төр нэгэнт та бүхэнтэй гэрээ хийгээд шийдчихсэн асуудлаа дахин эргэж харах, өөрчлөнө гэсэн асуудал огт байхгүй. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Хоёр тал гэрээний үүргээ хүлээх ёстой. Тиймээс та бүхэн гэрээнийхээ дагуу байрандаа орох учир үүнд санаа зоволтгүй” гэв.
Тус төслийн хяналтын цахилгааны инженер н.Баттүвшин
"Яамнаас үүнд шалтгаасан асуудал байхгүй. Яамны зүгээс хамаарах бүх ажлууд нь ном журмын дагуу хийгдсэн. 7-р хорооллын "Хангай" хотхоны 223 айлын орон сууц нь дөрвөн хуваарилах байгууламжтай, 13 хаалттай дэд өртөөтэй, бүхэл бүтэн хорооллыг цогцоор нь шийдэх хэмжээний ажил. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр угсралтын ажил нь бүрэн дууссан. Мөн арваннэгдүгээр сарын 18 нд Эрчим хүчний яамнаас техникийн комисс ажиллаад бидэнд үүрэг даалгаврын биелэлт өгсөн байгаа. Бид үүний дагуу бүх биелэлтүүдийг хангаж акт бүрэн баталгаажсан байгаа. Одоо Маргаашнаас эхлээд цахилгаанаа залгахад бэлэн болсон. Өчигдөр би захиалгыг нь өгсөн. Ингээд дөрвөн хуваарилах байгууламж дээрээ маргаашнаас 72 цагийн туршилт хийгдэнэ" гэлээ.
ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй
"Манай зүгээс төслийг гүйцэтгэгч Бэрэн групп-д хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд, ТОСК ТӨҮГ-ын удирдлагууд санаачилан Хангай хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаний ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг ханган ажиллахыг шаардсан байгаа” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Зарагдахгүй олон байраа ард түмэндээ түрээсийн төлөлт байдлаар өгөх хэрэгтэй.