Олон улсын валютын сан Хятадын мөнгөн тэмдэгт болох юанийг валютын сагсандаа багтааж, албан ёсоор нөөцөлж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийг олон улсын валют болсныг хүлээн зөвшөөрсөн.
ОУВС зээлжих тусгай эрхийн сагсаа таван жил тутамд шинэчилж, шинээр валют оруулах эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна. Хуваарийн дагуу энэ онд Зээлжих тусгай эрхийг бүрдүүлдэг валютын сагсаа эргэн харж, бүтцэд нь Хятадын юанийг оруулжээ. ОУВС хамгийн сүүлд 1999 онд уг сагс дотроо еврог оруулж, францын франк, германы дойч маркийг хасч байснаас хойш нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй байсан юм.
ОУВС анх Зээлжих тусгай эрх хэмээх “зохиомол” нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг бөгөөд түүний багцад олон улсын хөрвөх чадвартай валютууд ордог. Тухайлбал, 1973 онд Бреттон Вүүдсийн систем задран унасны дараа ЗТЭ-ийн сагсанд америк доллар 48.2 хувь, евро 32.7хувь, английн фунт стерлинг 11.8 хувь, японы иен 7.3хувийг тус тус эзлэх болжээ. Харин одоо ОУВС-гийн сагсыг АНУ, Канад, Австралийн доллар, евро, фунт стерлинг, иен, Швейцарийн франк бүрдүүлж байна. Үүнээс АНУ-ын доллар, евро хамгийн өндөр буюу 42 болон 31 хувийг бүрдүүлж байгаа бол шинэхэн “гишүүн” юань бусдыгаа даван 11 орчим хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм.
Хятадын төв банк бусад орнуудын төв банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулж, гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах болсон нь ОУВС итгэл үзүүлэх нэг чухал үзүүлэлт болсон байна. 2016 оны байдлаар Хятадын төв банк дэлхийн 30 гаруй төв банктай 3.2 их наяд юаньтай тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулжээ. “GP Morgan”-ы судалгаанд энэ тоог бүр 9.9 их наяд хэмээн тооцсон байдаг. Тухайлбал, Хонконгтой 400 тэрбум, БНСУ-тай 360 тэрбум, Европын холбоотой 350 тэрбум, Сингапуртай 300 тэрбум, Австрали, Англи, Канадтай тус бүр 200 тэрбум, Бразилтай 190 тэрбум, Малайзтай 180 тэрбум, ОХУ болон Швейцарьтай тус бүр 150 тэрбум, Индонезтэй 100 тэрбум юанийн своп хэлцэлтэй байна. Үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл нь улсын гадаад өр гэж тооцогддоггүй аж. Учир нь үүнийг хоёр орны гадаад худалдааг дэмжих, худалдаа, эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор хэрэглэдэг бөгөөд юанийг дэлхийн валют болгох Хятадын урт хугацааны бодлогын нэг элемент гэж үздэг юм байна. Энэ ч утгаараа дэлхийн 30 гаруй орны төв банк Хятадын төв банктай байгуулсан своп хэлцлийн хугацаагаа байнга сунгаж байдаг ажээ.
Одоо ОУВС-гийн нөөцийн валют болсноор юанийн ирээдүй бүр ч өнгөлөг болсныг эдийн засагчид цохон тэмдэглэж байна. БНХАУ-ын эрх баригчид үүний хариуд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг либеральчилж, банк санхүүгийн тогтолцоогоо идлүү нээлттэй болгоно гэсэн амлалт өгчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Канад австралийн доллар хэзээ орсон бэ???