СҮХБААТАР: Нэгдсэн сэхээний тасгийг байгуулна

Админ | Zindaa.mn
2016 оны 12 сарын 18

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, удирдлагууд энэ сарын 16-нд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Нийгмийн хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтай нэн тэргүүнд уулзаж, ЭМГ болон АНЭ-ийн үйл ажиллагаатай танилцан, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудал, тус хөтөлбөрт тусгуулах саналыг сонслоо.

Эрүүл мэндийн салбарын хувьд 2012-2016 онд хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөртэй ажилласны үр дүнд их эмчийн хангалт 100, нарийн мэргэжлийн эмч 98, сувилагч, тусгай мэргэжилтэн 100 хувьд хүрээд байна. Тус салбарынхан эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, аюулгүй орчинд үзүүлэхийг зорьж ажилладаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд Оношилгооны төв, гемодиалезийн төв, явуулын амбулатори, хавдрын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ зэрэг шинэлэг ажлуудыг нэвтрүүлсэн байна.

Эрүүл мэндийн газрын зүгээс аймгийн удирдлагуудад нийгмийн эрүүл мэндийн төвийн лабораторийн багаж тоног төхөөрөмж, хэвлийн дурангийн мэс заслын хагалгааны багаж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэгдсэн шинэ барилга, Наран сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилга, Уулбаян сумын эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэлт зэрэг асуудлыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал орууллаа. Мөн АНЭ-ээс түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн зориулалтын иж бүрэн  угаалгын тоног төхөөрөмж, ариутгалын  автоклав, Нэгдсэн сэхээний тасгийг бий болгох, цахилгаан шат барих, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг 2016-2020 онд үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top