Н.Баяртсайхан: Бусдад таалагдах гэж мөнгөний бодлогын хүүг шууд буулгах боломжгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

Өнгөрсөн наймдугаар сард Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 хувь  болгох шийдвэрийг гаргаад өдгөө дөрөв дахь сардаа хэрэгжээд явж байна. 

 Учир нь ам.долларын ханш өсөхийн хэрээр "Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна” хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж  Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Хурлаас гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан юм.

 Тэрбээр "Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа. Мөнгөний бодлогын хүүг цаашид хэвээр хадгалах уу эсвэл буулгах уу гэдэг талаар бид ярилцлаа. Хурал өглөөний 06 цагаас өдрийн 15 цаг хүртэл хуралдлаа. 

"Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна.  

Хэрвээ АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх юм бол үүнийг дагаад дэлхийн бусад орнуудад ч нөлөө үзүүлдэг. Бидний өнөөдрийн баримтлаж байгаа зүйл бол мөнгөний бодлогын хүүг болгоомжтой зөөлрүүлье гэдэг зарчим дээр нэгдлээ. Энэ нь цаанаа маш олон хүний аж амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг санхүүгийн зэвсэг учраас бид сэтгэлийн хөдөлгөөнөөр эсвэл бусдад таалагдах гэж тэд болгоё гэх арга байхгүй.

 Тал талаасаа ярилцсан, тэр ч бүү хэл манай мөнгөний бодлогын зарим гишүүд хүүг бууруулахгүй байх санал ч гаргасан юм. Учир нь ирэх оны гуравдугаар сард бид Хөгжлийн банкны гаргасан бондын төлбөр болох 580 сая долларыг төлнө. Бид энэ бүгдийг тооцож үзсэний үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэрийг гаргалаа.

Мөнгөний бодлогын хүүг бууруулж байгаа явдал нь  Монголчуудын ганцхан шийдээд байгаа зүйл биш. Дэлхийн бүх улсууд мөнгөний бодлогоороо дамжуулж эдийн засагтаа нөлөөлдөг" гэлээ.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах аж.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.110) 2016 оны 12 сарын 20

Buulgah geed chadvaraa shavhaad ch diilehguigee medej baij nerelhuu ch ym be dee ...

0  |  0
Top