ДАРХАН: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр боллоо

2017 оны 01 сарын 03

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр" батлагдсан. Үүний дагуу Дархан-Уул аймагт 2009 онд Швейцарын хөгжлийн агентлагын “Нэг цонхны үйлчилгээ”, “Тогтвортой амьжиргаа - II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийт 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нэг цонхны үйлчилгээ”-г байгуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын дагуу “Нэг цонхны үйлчилгээ”-г "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болгон өөрчилж төрийн болон хувийн хэвшлийн 7 байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч ажиллаж байгаа ажээ. 2009 – 2015 онд 8 байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор нийт 565475 иргэнд , 2016 онд 7 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 121592 иргэнд үзүүлсэн байна. Энэхүү үйлчилгээний нэгдсэн төвд дараах асуудлууд тулгамдсан хэвээр байна. 

- Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу 8 төрлийн үйлчилгээг байнгын бүрэн байршуулан үйлчилгээ үзүүлэх, 
- Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах, 
- “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах урсгал засварын 747600 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлэх, 
- Ажлын байрны нөхцлийг сайжруулах /зай талбай бага учраас иргэдэд үйлчлэх, албан хаагчид ажиллах орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй/ 

Эдгээр тулгамдсан ажлуудаас эхний ээлжид иргэд болон ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерийг ажиллуулах, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх үүднээс хаалганы хэсэгт халуун агааржуулалт хийх, амралтын өрөөг тохижуулах зэрэг асуудлыг ахуйн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top