БАЯНХОНГОР: ”Их говийн тэмээд” зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран Баян-Өндөр суманд “Их говийн тэмээд” тэмээчдийн баяр, бүсийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болсон тус зөвлөлгөөн, тэмээчдийн баярт Баян-Өндөр, Шинэжинст, Жинст Баянлиг, Баянговь, Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ зэрэг сумдын нийт 90 орчим тэмээчид ирж оролцсон байна. 

Тус зөвлөлгөөний хүрээнд монгол, бэсрэг, тором тэмээний уралдааныг зохион байгууллаа. Нийтдээ 150 гаруй тэмээ уралдсан байна. Хурдан монгол тэмээний төрөлд 64 тэмээ уралдсанаас Шинэжинст сумын уяач М.Дөлгөөний хөх тэмээ түрүүлсэн бол Баянлиг сумын уяач Ж.Жаргалсайханы бор, Ч.Соном-Ишийн улаан тэмээд удаах байрт хурдаллаа. Хурдан бэсрэг тэмээний төрөлд Баянлиг сумын уяачид одтой байж, С.Мэндбаярын бор, Т.Галхүүгийн улаан, С.Мөнхжаргалын шар тэмээд эхний гуравт худалсан байна. Харин хурдан торомны уралдаанд Баян-Өндөр сумын Т.Аюугшийн шар түрүүлж, Ж.Баянхишигийн хүрэн удаалсан бол Шинэжинст сумын уяач С.Отгонбавуугийн хөх тэмээ гуравт хурдаллаа.  

Тэмээн сүргийн бүтэц, монгол тэмээний цусыг цэврээр хадгалж үлдэхэд чухал зүйл бол буур байдаг. Тиймээс жил бүрийн тэмээчдийн баяр, зөвлөлгөөний үеэр сайхан буур шалгаруулах үйл ажиллагааг тогтмол хийж иржээ.

Энэ жилийн сайхан буур шалгаруулах уралдаанд 22 тэмээчний 22 буур оролцсоноос Шинэжинст сумын тэмээчин Шоовойн арван настай буур түрүүллээ. Хоёрдугаар байрт Баян-Өндөр сумын тэмээчин Ж.Буянхишигийн арван настай буур орсон бол гуравдугаар байрт тус сумын тэмээчин А.Пүрвээгийн дөрвөн настай буур орлоо.

Тэмээ нь сүр бараа ихтэйн зэрэгцээ, өөрийн гэсэн эхэмсэг дүр төрхтэй. Энэ сүрлэг байдал нь тэмээ дагасан соёл, тэмээг гоё, сайхан байдлаар унаж хэрэглэх нэгэн соёлыг тэмээчдийн дунд бий болгожээ. Уг уламжлалыг сэргээж эл баярын хүрээнд сайхан хос шалгаруулах уралдааныг мөн зохион байгуулсан юм.  Сайхан хосыг шалгаруулахдаа тухайн тэмээний өөрийн байдлыг харахаас гадна тэмээний эдлэл хэрэглэлийг ямар байдлаар урлаж, чимсэн, өөрсдөө мөн хэр сайхан хувцасласан зэргийг харгалзан үзсэн байна. Тус уралдаанд Баянцагаан сумын тэмээчин Д.Аюуш, Энхбат нар тэргүүлэв. Удаах байрт Баян-Өндөр сумын тэмээчин Э.Тамир, Ж.Пагмадулам нар орсон бол гуравдугаар байрт мөн тус сумын тэмээчин Алтансүх, Наранцэцэг нар шалгарав.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батбаяр “Тэмээчдийн баяр бол тэмээ маллаж буй малчдын баяр бус говийн сумын нийт малчдын баяр гэж ойлгож болно. Малчид маань дөрвөн цагийн эргэлтэд, эрс ширүүн уур амьсгал дунд гаршуулж, өсгөсөн мал сүргийнхээ үр шимийг энэ баяраар хүртээд зогсохгүй өөр хоорондоо уулзах, мэдээ мэдээлэлтэй болох гээд олон талын ач холбогдолтой юм. Цаашид тэмээчдийн баярыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай сумын тухайд Хос зогдорт улаан тэмээний омог батлуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлж, монгол тэмээний цусыг цэврээр хадгалах, өсгөж үржүүлэхэд онцгой анхаарна” гэдгийг онцолж байлаа.

Тэмээчдийн баярын төсгөлд тэмээчдийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Эл зөвлөлгөөний хүрээнд аймгийн ХХААГ-ын дарга Э.Баттөрөөр ахлуулсан ажлын хэсэг тэмээн сүргийн бүтэц, тоо толгой, цаашид тэмээчид юун дээр анхаарах, ингэний сүү, буурын бохины ач холбогдол, эмчилгээний чанарын талаар мэдээлэл өглөө.

Тэмээ нь таван хошуу мал дотроос ган зудад тэсвэртэй, өл даах чадвараараа эрс ялгардаг амьтан. Нөгөө талаар тэмээг уналаг, ачлагад ашиглах нь говийн бүсийн малчдын хувьд нэн тохиромжтой байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдаж байгаа тул уг уламжлалыг сэргээх, малчид хурим найр, баяр ёслолоор тэмээгээ унах, улмаар аялал жуулчлалын цогц бодлогын хүрээнд жуулчдын үзэх ёстой нүүдэлчдийн соёлыг тэмээгээр дамжуулан түгээн дэлгэрүүлж, эдийн засгийн үр өгөөжтэй болгох олон талын ашигтай гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс цаашид энэ мэт арга хэмжээг өргөжүүлж, олон нийт, гадна, дотны жуулчдын оролцоотой зохион байгуулахаар төлөвлөжээ. 

О.Анир

Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top