ДОРНОД: Гудамж талбайд гарах гэмт хэрэг 34.9 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Дорнод аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас Олон нийтийн эргүүл зохион байгуулсан тухай тайлан мэдээллийг Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун танилцууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль, Засгийн газраас баталсан "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр хүрээнд аймгийн Засаг даргын  2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн  "Нийтийн эргүүл зохион байгуулах тухай” А/352 тоот захирамжаар  "Олон нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны есдүгээр сарын 1-нээс 2017 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх дөрвөн сарын хугацаанд зохион байгуулан 72 байгууллага аж ахуйн нэгжийн татан оролцуулан хамтран ажиллажээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд долоон хоног бүр эргүүлд гарах байгууллага аж ахуй нэгжүүдэд захирамж, хуваарь, эргүүлд ажиллах өдөр, хүн хүчний талаарх албан мэдэгдэл хүргүүлж оройн эргүүлд гарган хамтран ажилласан байна. 

Цагдаагийн газраас 2016 онд "Эрүүл”, "Олон нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан хөдөлгөөнт болон явган эргүүлийг зохион байгуулснаар гудамж талбайд 80 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 43 нэгжээр буюу 34.9 хувиар, согтуугаар үйлдэгдсэн 165 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 12 нэгжээр буюу 9.8 хувиар буурсан, мөн архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 4138 хүнийг саатуулсан нь урьд оны мөн үеэс 729 нэгжээр буюу 14.9 хувиар  тус тус  буурсан эерэг үзүүлэлттэй байгаа талаар мэдээлэл өглөө.

О.Анир

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top