ДОРНОД: ”Хавирга”-ын боомтоор нэг ч амьд адуу гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Энэ сарын 3-ны өдрийн шөнө Дорнод аймгийн “Хавирга” боомтоор 1240 адууг амьдаар нь хил гаргасан талаарх мэдээ өнгөрөгч өдрүүдэд онлайн ертөнцөд тараад байсан. Мэдээлэл үнэн эсэхийг шалгахаар Дорнод аймагт дахь Гаалийн газар луу залгахад "Энэ нь баримт, үндэслэлгүй худал мэдээлэл. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Монгол Улсаас нэг ч толгой амьд адуу экспортлогдоогүй. Тиймээс Дорнод аймгийн "Хавирга" боомтоор гарсан гээд байгаа 1240 толгой адууны талаарх мэдээлэл худал болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Үүнээс гадна Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Цахим хуудас нь тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай хэдий ч бусдын нэр төрд халдсан, худал гүтгэлэг тараавал хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох эрх зүйн орчин бий. Тиймээс иргэд гүтгэлэг, ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байх нь чухал юм. Мөн олон нийтийн сүлжээнд тодорхой нэр, зураггүйгээр бусдыг гүтгэн доромжилсон, баримт нотолгоогүй мэдээлэлд итгэх, нөлөөлөлд автахгүй байхыг иргэдэд зөвлөж байна" гэсэн байна. 

О.Анир


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top