Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгаас АИХ-ын депутатаар сонгогдон шинэ үндсэн хууль батлалцах ажилд гар бие оролцож байсан депутатуудад зориулсан үзэсгэлэнгийн нээлт аймгийн Музейд өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон, агентлаг, хэлтсийн удирдлагууд, АИХ-ын депутатаар ажиллаж байсан Б.Жадамбаа Х.Чулуунбаатар, Б.Буяндэлгэр, болон бусад депутатуудын гэр бүл, үр хүүхдүүд, ЕБС-ийн түүх нийгмийн багш нар оролцлоо. Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нээж үг хэллээ. Монгол ардын уртын дуу, морин хуурын чавхадсаар өргөөний жаврыг үргээж депутатуудын сэтгэлийн дурсамжийг энэ үеэр сонслоо.
Энэхүү аймгийн Музейд нээгдсэн буланд 19 депутатаас 5 депутатын эдэлж хэрэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр, гар цүнх, гэрэл зураг, ойн шагналууд зэргийг багтаасан түүхэн булан нээгдэж буй юм.
1992 онд шинэ үндсэн хуулийг баталж орон даяар дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийг батлахад аймаг бүрээс төлөөлөл оролцож, 76 хоног хуралдаж баталсан түүхтэй. Хууль батлахад Дорнод аймгаас 19 хүн оролцсоны 9 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж олонх нь өдгөө нийслэл хотод амьдарч байна. Аймгийн төвд 3 нь аж төрж амьдарч байгаа ажээ.
Шинэ үндсэн хууль баталсан өдрийг угтаж жил бүр ийнхүү Үндсэн хууль батлалцаж явсан төлөөлөгчдөө хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Харин энэ удаад 25 жилийн ойд зориулан улс орон даяар шатрын тэмцээн, орон нутгаас сонгогдсон депутатуудын түүх намтар, эдэлж хэрэглэж байсан зүйлсээр музейд танхим байгуулах, тэднийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
О.Анир
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )