Сүүлийн жилүүдэд Өмнөговьчууд боловсролын салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хийж байна. Түүний нэг бол монгол улсын хэмжээнд хамгийн олон хүүхдийн багтаамжтай буюу нэг ээлжиндээ 1200 хүүхэд хичээллэх боломжтой ЕБС-ийг өнөөдөр ашиглалтад оруулж нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 5 тэрбум 60 сая төгрөгөөр “Аж констракшн” ХХК гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар 995 сурагчтай, 37 багш ажилчид, 38 анги танхимд үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн барилгын хувьд 2 давхар хамгийн сүүлийн үеийн чанар стандартад нийцүүлэн барьсан ба манай аймгийн хэмжээнд хамгийн томд тооцогдох спорт заалтай гэдгээрээ онцлог юм.
Ёслолын арга хэмжээнд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймгийн удирдлагууд оролцож сурагч хүүхдүүдийг бие даан суралцах, авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломжийг хангаж тэднийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсэж анги танхимын тохижолтонд нэн хэрэгцээтэй техник хэрэгслийг гардуулан өглөө.
Аймгийн Засаг даргын Тамгын газар Орос хэл, Англи хэлний кабинет мөн хөл бөмбөгийн талбайг бүрэн тохижуулж өгөхөөр болсон байна.
А.Үүрийнтуяа /Өмнөговь/
Сэтгэгдэл ( 0 )