БАЯН-ӨЛГИЙ: Хил орчмын газрыг БНХАУ-ын Алтай аймагтай хамтран хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 23

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт айлчилж тус аймгийн удирдлагуудтай уулзав.

Айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Алтай аймгийн тусламжаар Өлгий хотын нэг гудамжны замыг засах, гэрэлтүүлэхтэй болгох, мод тарих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Мөн жижиг дунд үйлдвэр барьж ажлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Дайнгийн гүүрийг шинээр барих,  аймгийн МСҮТ-ийн  оюутнуудыг сургах, дадлагажуулах, багш нарын туршлага солилцох, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрыг лабораторийн танхимтай болгох, аймгийн нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, мал эрүүлжүүлэх, малын удмыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийх, газар тариалан хөгжүүлэх талаар хамтран ажиллаж Буралтогай мужаас 5000 мод авчирж аймагт ургуулж ногоон байгууламж бий болгох зэрэг ажлууд гэрээнд тусгажээ.

Үүнээс гадна Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хил орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар гэрээ байгуулсан байна. 

О.Анир

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top