Залуу малчдыг дэмжих дэд хөтөлбөр баталлаа

2017 оны 02 сарын 04

Дундговь аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас залуу малчдыг дэмжих дэд хөтөлбөр боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталлаа.

2006 онд мал аж ахуйн 16-34 насны 8.5 мянган залуучууд ажиллаж нийт малчдын 51.8 хувийг эзэлж байсан бол 2016 16-34 насны малчид 3.9 мянга болж нийт малчдын 32.4 хувийг эзэлж 4.6 мянгаар буурсан байна. Малчдын залгамж халаа болсон залуучууд хөдөө аж ахйун салбарт ажиллаж, амьдрах сонирхол бага болж, төв суурин газрын амьдралд илүү тэмүүлэх болсон нь мал аж ахуйн салбарт ажиллах хүчин дутагдах, уламжлагдан ирсэн нутаг ус эзгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд бий болж буй тул тус хөтөлбөрийг боловсруулжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа залуучуудад эдийн засаг, нийгмийн дэмжлэг үзүүлэн мал маллагааны уламжлалт арга туршлагыг өвлүүлэн, мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх менежментийн боловсрол олгож залуу малчдыг бэлтгэх юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа боловч амьжиргааны түвшин доогуур орлоготой, цөөн малтай залуучуудыг малжуулах төсөлд хамруулах, шинээр малчин болж буй залуучуудад гэр орон, хороо бууц барих, худаг ус гаргах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлхэд орон нутгаас хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэх, малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх залуу малчин өрхөд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх газрыг эзэмшүүлэх, залуу малчдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх мэдлэг, чадвар, дадлыг бий болгох сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэргээр бизнес аж ахуй эрхлэх ур чадварыг хөгжүүлж эрсдэлийг даван туулах чадавхийг бий болгож, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж залуу малчдыг хөдөлмөрийг үнэлэх юм. Хөтөлбөрийг 2017-2020 он хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүүхэд, Залуучууд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, нийгмийн даатгалын газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top