Өмнөговь: Хүүхдийн эмч нарын ур чадварыг дээшлүүлнэ

2017 оны 02 сарын 07

Эх хүүхэд эндэж байна. Эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээ муу байна гэх иргэдийн санал гомдол нэмэгдсээр байна. Сэтгэл зовоосон энэ үед Өмнөговь аймгийн удирдлагууд бодлогын түвшинд, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах ажлуудыг эрчимжүүлэн хийж эхэллээ. Түүний нэг бол 2017 оны 02 сарын 6-ны Даваа гаригт аймгийн Эрүүл мэндийн газарт эхэлсэн “ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт 2 өдрийн сургалт юм.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн эмч, сувилагч нар, сумдын өрхийн эмнэлгүүдийн их эмч, бага эмч, сувилагч гэсэн 60 гаруй хүн оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч нар ирж сургалтыг зохион байгуулж байна.

Амьсгал хямралын хам шинж, амьсгалын замын цочмог халдварууд, нярайн шарлалтын орчин үеийн оношилгоо, эмчилгээ, тархины цусан хангамжийн дутагдал, ховдлын цус харвалт, менингитийн оношилгоо эмчилгээ, дутуу бага жинтэй нярайн хооллолт асаргаа, хүүхдийн нэмэгдэл хоол гэх мэт чухал сэдвүүдээр сургалт үргэлжилж байна.

Энэхүү сургалтын үр дүнд эмч сувилагч нарын мэдлэг ур чадвар дээшилж, бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл буурна гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top