Улсын аварга малчин С.Баасандорж: Малынхаа тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй

2017 оны 02 сарын 23

Манай аймгаас тодорсон Улсын аварга тариаланч, тариаланч хамт олны шагналыг Ерөнхий сайд гардуулсан. Тэгвэл Улсын аварга малчин, фермерийн шагналыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс гардууллаа.

Манай аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин С.Баасандорж Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Тэрээр 1953 онд төрсөн бөгөөд мал аж ахуйн салбарт 21 жил үр бүтээлтэй ажилласан нэгэн. Өнгөрсөн онд С.Баасандорж 768 толгой мал тоолуулсан нь малынхаа тоо толгойг өмнөх оноос 20,7 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. 
 
Аймгийн Засаг дарга Д.Батлут шагнал гардуулах үеэрээ Улсын аварга малчин цол хүртсэн хүмүүст Засгийн газраас улаан халзтай гэр, цом, тэмдэг гардуулдаг хуучны уламжлалыг энэ жилээс сэргээж байгааг онцолсон юм. Мөн цаашид үр хүүхэд, идэр залуу малчдыг мал маллах ухаанд сургаж энэ сайхан үйлээ үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 
 
Аварга малчдад улаан халзтай гэрийг 1991 онд олгож эхлэхэд хамгийн анх С.Даваадорж гэх эрхэм хүртэж байсан түүхтэй. С.Даваадорж нь энэ онд манай аймгаас Улсын аварга малчин болж буй С.Баасандоржийн ах нь аж. Тиймээс Засгийн газраас “Аварга малчин” цол, улаан халзтай гэр олгодог уламжлалыг сэргээж байгаад маш их талархаж буйгаа Аварга малчин С.Баасандорж илэрхийлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ малчид маань мал сүргээ эрүүл саруул өсгөж, тоо толгой бус чанарт анхаарлаа хандуулаарай гэж уриалмаар байна гэлээ. 
 
 
 
 
 
 
 
 
Түүнээс гадна энэ онд Улсын аварга фермерээр Баян-Өндөр сумын Говил багийн иргэн Б.Баттөр шалгарлаа. Тэрээр 2009 онд “МS” малчны бүлгийг үүсгэн байгуулж сүүний чиглэлийн 25 үнээтэй үхрийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Улмаар үйл ажиллагаагаа ”Сүүний фермер” болгон өргөжүүлж 2012 онд 60, 2014 онд 20 үнээгээр аж ахуйгаа өргөтгөн шинэчлэл хийжээ.
 
Одоогоор Б.Баттөр 80 үнээтэй саалийн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа юм. Тодруулбал, Эдний фермер нь 430м2 талбай бүхий 80 үнээний дулаан байр, 85 м2 тугал болон тугалах үнээний дулаан байр, 240 м2 наралгааны байр, 2 ширхэг гүний худаг, 60 м3 даршны агуулах, 10 га даршны ургамал тариалах талбай, 410 га хашсан бэлчээрийн газар, цахилгаан саалтуур, хадлан тариалангийн техникүүд, дарш, тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж, малчид амьдардаг 3 ширхэг байшин зэрэг үйлдвэрлэлийн баазтай үйл ажиллагаагаа явуулдаг юм. Түүнээс гадна орон нутагтаа тодорхой тооны ажлын байрыг нэмэгдүүлсэн гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга хэллээ. Тодруулбал, Уг фермер нь үндсэн 6 ажилтантай. Үүнээс гадна хавар, намрын улиралд 2 сарын хугацаатай  түр ажлын байр арвыг бий болгодог юм байна. 


 
 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top