Баянхонгор: 14 дэх эмэгтэй аварга малчин Өлзийт сумаас тодорлоо

2017 оны 02 сарын 24

Баянхонгор аймгийн Өлзийт сумын хоёрдугаар багийн малчин Д.Пүрэв Улсын аварга малчны цол, тэмдгээ гардаж авлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Өлзийт сумын удирдлагууд гардууллаа.

Д.Пүрэв нь өөрийн есөн дүүгийнхээ хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн ачтай нэгэн. Есөн хүүхдийн ачит эх.

2000 оны зуднаар 100 гаруй толгой малтай үлдэж байсан Д.Пүрэв 16 жил уйгагүй хөдөлмөрлөж өнөөдөр ийнхүү Улсын аварга малчин болж байна.

1967 оноос эхлэн тус сумын Цэцэглэлт нэгдлээс өөрийн нэр дээр мал маллаж ажлын гараагаа эхэлсэн. Одоо 66 настай бөгөөд мал аж ахуйн салбарт 49 жил тасралтгүй ажиллаж байгаа өрх толгойлсон эмэгтэй малчин. Мал сүргийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч хонио баяд хуцаар, ямаагаа Бөмбөгөрийн улаан ухнаар сайжруулж сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг болон малчдын захиалгаар сүүлийн 3 жилд бух-1, хуц-12, ухна-12-ийг шилж сонгон тавьсанаас гадна 456 үржлийн өсвөр малыг малчдад зах зээлийн үнээс хямдаар худалдсан байна. Мал маллах, мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, сүү цагаан идээ боловсруулах зэргийг шинэ залуу малчдад өвлүүлэн сургаж 7 шавь малчинтай ажиллаж тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгалыг тогтмол төлж хэвшсэн байна. Мөн өөрийн хүүхдүүдийн хамтаар 1 га бэлчээрийг хашаалан хамгаалж тухайн талбайгаас жил бүр 6,5-7 тн хадлан бэлтгэж, нутаг орны зах зээлээс 0,5-1,2 тн гар тэжээл, 1,5-2,5 тн үйлдвэрийн тэжээл, 5-7тн хужир шүү бэлтгэн нөөцөлж мал сүргээ муудахаас урьтаж тэжээн, тарга хүч алдахаас сэргийлдэг. Өөрийн эзэмшилийн өвөлжөөний саравчтай байр 2, хаваржаа намаржааны чулуун хороо 3 нийт 5 хашаа байр, өвс тэжээлийн хашаа хороо зэргийг үлгэр жишээ тохижуулаад байна. Төсвийн байгууллагын гал тогооны хэрэгцээнд-10 бог, мах, сүү, Сум, сургууль байгуулагдсаны 90 жилийн ойд 1,8 сая төгрөг, Сумын эрүүл мэндийн байгууллагын 80 жилийн ойд 100 мянган төгрөг тус тус хандивласан байна.

1990 оноос хойш улсын аварга малчин 800 гаруй төрөн гарчээ. Тэгвэл Улсын хэмжээнд эмэгтэй аварга малчин 13 байдаг байна. Харин Д.Пүрэв 14 дэх улсын аварга малчин боллоо. Өлзийт сумын ээж хадыг зорьсон олныг угтаж үдсэн нутаг усандаа зан сайтай, замын хүнд унд устай "Өндөр ээж" гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөр бүлийн өндөр ээждээ урт насалж удаан жаргахын ерөөл өргөлөө. Мөн тэрээр “Амьдралыг сөрж, амжилтыг өөрийн гараар бүтээсэн гайхалтай эмэгтэй. Арван хүүхэдтэй айлын том нь. Есөн дүүгийнхээ төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан буянтай эгч, ээжийн оронд ээж болсон сайхан хөгшин байна. Мөн өөрийн долоон хүүхдээ өсгөн, хүмүүжүүлж, мал аж ахуйг маш сайн авч явсан гайхалтай хүн юм. Төрийн шагнал нүдээ олжээ гэж бодож байна. Та бол баянхонгорчууд бидний нэгэн бахархал мөн” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top