Аймгийн Засаг даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулна
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар иргэдээ сонсохыг чухалчилж салбар чиглэл бүрээс иргэдийн төлөөллийг өглөөний 08.00 цагт цайнд урьж ярилцдаг сайхан жишиг тогтож. Өнөөдөр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг урьж цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, идэвхжүүлэхэд ямар асуудал, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар харилцан ярилцлаа.
Өглөөний цайнд уригдсан зочид Өмнөговь аймагт байгаа 1500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлөн тэднийг нийгэмшихэд юу шаардлагатай байгаа, хэрхэн яаж хамтрах талаар олон санал, санаачлагуудыг ярьсан. Тухайлбал:
Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ихээр нэмэгдэж байгаад төрөөс бодлого барьж анхаарал хандуулах шаардлага бий болсон гэх зэрэг санал хүсэлтээ тэд илэрхийлсэн.
Үүнд аймгийн ХХҮХ-ийн дарга Бат-Эрдэнэ хэлэхдээ “ХБИ-ийн ажлын байрыг нэмэгдүүлнэ. 5 сая хүртлэх итгэлийн зээлийг олгох боломж бүрдсэн. ХБИ-ийн өдөрлөг, цагаан таягтны өдөрлөгийг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөнд тусгасан. ХБИ-ийн хөгжлийн төв буюу цагаан хотхон цогцолбор бариулах тухай асуудал яригдаж байгаа. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу ХБИ-дэд чиглэсэн тодорхой хөтөлбөрүүд хэрэгжинэ” гэж хариуллаа.
Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар тэдэнд хандан “Засаг даргын дэргэдэх зөвлөл байгуулж болно, дэмжиж байна. Харин сайн ажиллах ёстой. ӨМӨЗО-ны Альшаа аймгийн дарга удирдлагуудтай уулзаж аялах, туршлага судлах боломжийг бий болгоно. Паралимп-д орох хүмүүсийг дэмжиж ажиллана. Дохионы хэлний курсд хоёр хүн явуулах зардлыг шийдэж өгье. Ойгоо хэрхэн тэмдэглэх, цаашид юу хийх төлөвлөгөөгөө гаргаад ирвэл дэмжинэ. Мөн урлагийн наадмыг дэмжинэ. Өөр санал хүсэлт байвал бичээд ордны үүдэнд сууж байгаа хүнд өгчихвөл бид хүлээж аваад шийдэх боломжтой” хэмээн хэлээд амжилт сайн сайхныг хүсэв.
ХБИ-ийг нийгэмшүүлэх ажлыг өөрсдөө санаачлан ажиллаж комьпютерийн сургалт зохион байгуулахаар ажиллаж байгаа Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Буянхүү аймгийн удирдлагуудыг ажилтайгаа очиж танилцахыг урьсан. Мөн тэдний нэг эмзэглэж байгаа зүйл нь ирээдүй болсон хүүхэд багачууд хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг онцлон хэлсэн.
Ийнхүү аймгийн Засаг дарга олон зүйл дээр аймаг орон нутгаас ХБИ-ээ дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэхэд тэд баярлаж талархсанаа дахин дахин илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )