“Эрдэнэс-Таван толгой” ХК Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх “Монгол уурхайчид” түншлэлийнхэнтэй хамтран ажиллах гэрээг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр үзэглэлээ. Тус компанийн Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэлийнхэн буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК, “Олборлолт” ХХК, “Мера” ХХК-ийн нэгдлийнхэн ялж, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажиллахаар болж буй юм.
Хамтран ажиллах гэрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батхишиг, “Олборлолт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсүх нар гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээний үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “ өнөөдрийн үйл ажиллагаа нь компанийн түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал боллоо гэж үзэж байна. Цанхийн баруун уурхайн үйл ажиллагаа хоёр жил гаруй хугацаатайгаар түр зогсож байгаад энэ цагт албан ёсоор үйл ажиллагаа нь эхэлж байна. Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг шалгаруулах тендерийг өндөр хариуцлага, ил тод, шударга нээлттэйгээр явууллаа. Сонгон шалгаруулалтад Монгол компаниуд шалгарч, монголчууд өөрсдөө улсынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулах гэж байгаад бидний зүгээс талархаж байна. Нэгэн том зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Сэтгэгдэл ( 3 )
MNO ysinbe
Монгол уурхайчид түгшлэлд амжилт хүсье!
Монголчууд мундаг мундаг