“Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг байгууллагууд хамтран энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтаар ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох юм.
Мөн ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг агуулга бүхий илтгэл, хэлэлцүүлэг хийгдэнэ. Эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцүүлэгч Улсын их хурал, Засгийн газрын гишүүд, Төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, Элчин сайдын яам, өргөмжит консулууд, Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд, Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологчид, уурхайчид, хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын хайгуул, уул уурхайн компаний төлөөлөл оролцох юм байна.
Чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд 9 дэх удаагаа зохион байгуулагдах ажээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )