Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийн салбарт баригдаж дуусаагүй байгаа барилгуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулах, ашиглалтад орсон барилгуудын ашиглалтын бүтээмжийг сайжруулах” зорилтын хүрээнд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг 100 хувь улсын төсвөөр нийт 16,4 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгээд байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ, эмнэлгийн барилга ашиглалтад орж орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар нэг талаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлэх хүрээний 70 гаруй мянган иргэд төдийгүй зэргэлдээх аймгийн зарим сумдын хүн ам тав тухтай орчинд тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна хэмээн үзэж байна. Нөгөө талаар тус эмнэлэгт ажиллаж буй 300 гаруй эрүүл мэндийн ажилтнуудын ч гэсэн ажиллах орчин нөхцөл сайжирч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тус эмнэлэгт 2017 онд нийт 245 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж, тухайлбал, суурин рентген аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, мэс заслын гэрэл зэргийг олгохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхо аппаратыг хүлээлгэн өгсөн юм.
Мөн Засгийн газрын 2016 оны 160, 2017 оны 8 дугаар тогтоолоор тус аймгийн Хэрлэнбаян-Улаан, Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумын эрүүл мэндийн төвд нийт 4 түргэн тусламжийн автомашин олгоод байгаа бөгөөд 2017 ондоо багтаан Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийг автомашинаар хангахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )