Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тал хувийг хангаж буй Хятадын хойд хэсгийн гангийн үйлдвэрүүдэд хамгийн ойрхон нь манай Тавантолгойн орд газар. Ган хайлуулах үйлдвэрийн гол хэрэглээ нь коксжих нүүрс. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг нийлүүлдэг асар том үйлдвэрт коксжих нүүрсний хэрэглээ хэмжээлшгүй их юм.
Тавантолгойн орд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Түүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс. Үүгээрээ дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө 10-т багтана. Хятадууд хаа байгаа Австралиас нэг тонн коксжих нүүрсийг 200 гаруй ам.доллараар үйлдвэртээ авч байна. Тийм учраас манай Тавантолгойн орд урд хөршийн Гангийн үйлдвэрт ямар их хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой хэрэг л дээ. Дан ганц Хятадууд ч биш, Орос, Япон, Солонгос, АНУ гээд дэлхийн том орнуудын хувь, хувьсгалын уул уурхайн том компаниуд Тавантолгойд өндөр ач холбогдол өгдгийн шалтгаан нь энэ. Тэд Тавантолгойгоор дамжуулан Хятадын Гангийн үйлдвэрт нөлөөгөө тогтоохыг хүсдэг гэсэн үг. Нүүрсээрээ бялхаж байгаа Австраличууд ч Тавантолгойг эзэмших сонирхолтой байдгийн цаад шалтгаан нь ийм юм. Тийм учраас Хятадууд Тавантолгой ордоос тээврийн зардал өндөр үнэтэй ч автомашинаар хүртэл зөөсөөр л байгаа юм. Нүүрснийх нь үнэ Австралиас хэд дахин хямд учраас хятадууд сүүлийн 10-аад жилийн турш “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс“, “Тавантолгой” ХК-иудаас авч ирлээ. Эрдэнэс тавантолгой компани гэхэд Хятадын коксжих нүүрсний 13 хувийг эзэлж байгаа нь том үзүүлэлт юм. Мөн Тавантолгойн нүүрс төмөр замаар далайд гарч чадвал Япон, Солонгос гэсэн гуравдагч улсыг хэрэглэгчийн гарт очно. Үнэ цэнэ нь ч тэр хэмжээгээрээ өснө.
Тавантолгойг уул уурхайн томчууд тоож байна
2012 оны эхээр Тавантолгойн баруун Цанхи дээр олборлолтын үйл ажиллагаа бие даан явуулах чадвартай хөрөнгө оруулагчийн шалгаруулалт зарлахад уул уурхайн том компаниуд “гүйж ирж” байлаа. “Люксембургийн “Арселор металл”, АНУ-ын “Пибоди Энержи”, Бразилийн Вале, Орос, Япон, Солонгос гурван улсын уул уурхайн компаниудын нэгдэл, БНЭУ-ын “Меско стийл”, Австралийн “Экстрата”, БНХАУ-ын “Шинхуа энержи” болон Японы “Мицүй” компанийн консорциум, ОХУ-ын “Ен Плас” гээд дэлхийн томчууд Тавантолгойг сонирхож байснаас үзэхэд Тавантолгой хэр том, геополитикийн хувьд ямар чухал орд вэ гэдэг нь харагдаж байгаа юм.
Иймээс Тавантолгойн орд гадны уул уурхайн салбарынхан болоод хөрөнгөтнүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн юм. Гадныхан Тавантолгойн ордыг авахын тулд манай улстөрчдийг бүрэн ашиглаж, өөрсдийнхөө талд элсүүлж ирсэн. Тавантолгойг гадныханд өгөх, дундаас нь хувь хүртэх гэсэн дотоодын олигархиудын тэмцэл нь өнөөг хүртэл Тавантолгойг улсынхаа эрх ашгийн төлөө хөдөлгөж чадаагүйн гол шалтгаан билээ. Тавантолгойн ордыг эзэмших гэсэн бүлэглэлийн хөлд манай Засгийн газар ч өртөж байсан удаатай. “Женко” Х.Баттулга, З.Энхболдоор дамжсан Оросуудын сонирхол, нөгөө талдаа ММС, Энержи ресурс хийгээд хятадуудын эрх ашиг гэсэн хоёр талын өрсөлдөөн өнөөдөр хүртэл оршсоор байна. Тавантолгойн ордыг эзэмших гэсэн бүлэглэлүүдийн сонирхол тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад саад болж ирлээ.
Тавантолгой ордын товч түүх
Тавантолгойн орд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл болж чадаагүй л байна. Олон жил яригдсан Тавантолгой орд ямар замаар өнөөдөртэй золгосныг товчлон хүргэе.
1930-аад он: Малчид нүүрсийг хэрэглээндээ ашиглаж эхлэв
Тавантолгой орд илэрсэн газраас нутгийн иргэд тэмээгээр ачаалан нүүрс түүж хэрэглэх болов. Ялангуяа уран дархчуудын хөөрөгт уг нүүрсийг ашигладаг байв. Мөн аймаг орон нутгийн зүгээс Тавантолгой орчмыг хамгаалалтанд авч, нүүрсийг түлшинд хэрэглэх болжээ.
1967 он: Уурхай байгуулав
Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар шийдэж, анхны жижиг уурхай ажиллаж эхэллээ.
1990 он: Нөөц тогтоов
Анхны техник эдийн засгийн үндэслэлийг 1988-1990 онд боловсруулж, нөөцийг 6,4 тэрбум тонн гэж тогтоожээ.
1994 он: Өмч хувьчлал
Уурхайг хувьчилж төрийн өмч давамгайлсан “Тавантолгой ХК” болгон өөрчлөн зохион байгуулав.
1995 он: “Таван толгой ХК» байгуулагдав
Орон нутгийн өмчит хувьцаат компани болгов.
1998 он: Гадныханд гологдов
Английн “BHP Billiton” компани тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч удалгүй буцааж өгчээ. 1999 он: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгов “Майн инфо” ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ.
2005 он: “Энержи Ресурс“ ХХК байгуулагдав
Майн инфо, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүлэв.
2006 он: Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов
“Энержи Ресурс“ компани эзэмшиж буй хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авав.
2008 он : Төр буцаан авлаа
С.Баярын тэргүүлсэн Засгийн газар тус орд газрыг төрийн мэдэлд авахаар “Энержи ресурс“ компанитай хэлэлцээр хийж Ухаа худагаас бусад талбайг төрийн мэдэлд шилжүүлэв.
2009 он: Ухаа худагаас нүүрс олборлож эхлэв
“Энержи ресурс“ компани өөрийн эзэмшлийн “Ухаа худаг” уурхайгаас нүүрс олборлож эхлэв.
2010 он: Хөрөнгө оруулагчийн эрэлд гарав
Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордыг хамтран ашиглахаар стратегийн хөрөнгө оруулагч сонгох шалгаруулалт зарлав. Нийт 15 компани саналаа ирүүлж, түүнээс хураангуй жагсаалтад 6 компани үлдэв.
2010 он: “Эрдэнэс Таван Толгой“ ХХК байгуулагдав
Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой“ ХХК байгуулагдаж Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх нийт найман тусгай зөвшөөрлийг тус компанид олголоо. 2011 он : Нүүрсний үнэ өсөв Австралийн коксжих нүүрсний гол бүс нутагт үер буусны улмаас Монголын нүүрс өмнө байгаагүй өндөр үнээр борлуулагдаж байлаа. 2011 он: 1072 хувьцаа тараав Засгийн газраас “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэнд эзэмшүүлэх шийдвэр гаргав. Иргэн бүр 1072 хувьцаатай боллоо.
2011.07 сар: “Чалко” компанитай гэрээ байгуулав
“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын төрийн өмчит Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр болох нийт 350 сая ам.долларыг хүүтэй зээлэв.
2011.08 сар: “Эрдэнэс Тавантолгой” нүүрс экспортолж эхлэв
Энэ оны наймдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний анхны борлуултаа эхлүүлж, тухайн жилдээ 1 сая тонн нүүрс экспортлов.
2012 он: Төмөр зам барихаар болов
Тавантолгойн - Гашуун сухайт чиглэлийн 256 км төмөр зам барих ажлыг “Энержи Ресурс“ компани эхлүүлэв. Энэ төмөр замыг 30 жилийн дараа Монголын төрийн эзэмшилд өгөхөөр тохирсон байв. Гэвч уг ажлыг сонгуулийн дараа зогсоож төр төслийг буцаан авсан юм.
2012 он: 21000 тараав
“Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу 350 сая ам.долларын зээл орж ирж, мөнгийг сонгуулийн амлалтаа биелүүлж халамж хэлбэрээр тарааж дуусгалаа. 2013 он: Төмөр зам барихаар 200 сая ам.доллар зарцуулав Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит Монголын Төмөр зам компани барихаар болж Чингис бондын хөрөнгөөс 200 сая доллар зарцуулжээ. Гэвч хөрөнгө оруулалтгүйгээс одоо хүртэл уг Төмөр зам баригдаагүй байна.
2014 он: Хөрөнгө оруулагч шалгарав
Засгийн газрын 268-р тогтоол гарч хөрөнгө оруулагчийг дахин шалгаруулах уралдаант шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтад хоёр өрсөлдөгч оролцож АНУ-ын Пибоди энержи ялагдаж, Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо” компаниудын түншлэл шалгарлаа.
2015 он: Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр эхлэв
Засгийн газар болон тендерт шалгарсан “Шинхуа энержи” тэргүүтэй консорциумын хооронд хэлэлцээр эхэллээ.
2016 он: Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулав
Засгийн газраас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барив. УИХ-ын Тамгын газраас баримт бичгээ дутуу бүрдүүлсэн гэх шалтгаанаар Засгийн газарт буцаасан. Үүний дараагаар Засгийн газар шуурхай хуралдаж дутуу гэгдээд байсан зургаан зүйлийн баримтыг нэмж УИХ-д дахин өргөн барьсан юм.
2017.01 он: Дахин хэлэлцээр эхлэв
Өмнөх УИХ-аар Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шинэ Засгийн газар дахин хөрөнгө оруулагчдыг хэлэлцээрт урилаа. Шинэ ажлын хэсэг байгуулагдаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Хятадын төрийн өмчит “Шинхуа” группын удирдлагуудтай уулзаж, хэлэлцээр хийж эхлээд байна.
Т.Амартүвшин
2017.02 сар. Зиндаа сэтгүүл №3/503
Сэтгэгдэл ( 4 )
ee munhnaran eej
Tavan tolgiogoor xudal pr xiigeed oyu tolgoig chimeegui idex gej iim bichij suux gej. Eniig chin xen ch meddeg bol xutsalgui oyu tolgoi ard tumend yamar xurteelteig yari
Үнэнийг хэлэхэд тус орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ( хөдөлгөх ) нэрийн доор одоогоор ашиглаад зөөгөөд дууслаа шүү дээ
энэ ордыг эхлээд луйварчид тэгээд улс төрчид тэгээд дунд гарууд иднэ 2025 хүртэл.гэж би таамаглалаа.тэрнээс цааш эд нарт амьсгалах агаар ч үлдэхгүй.10 жил амьсгахнээ