Баянхонгор: Хээлтэй ирвэсийг ууланд нь БУЦААЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 12

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Бэрх хайрханаас Давсан тал руу буусан дэлхийд ховор цоохор ирвэс Давсан талын урд нурууны Хярын хөх хэмээх газар малчин айлын адуун сүргийг хураасан байдалтай байсныг тус сумын Үнэгтийн гуравдугаар багийн малчин Б.Өлзийбат дурангаар харж ирвэс байна гэдгийг мэджээ.


Ингээд сумын байгаль орчны улсын байцаагч Д.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Ирвэс байгаа газар нутагт ирсэн байна.

Ажлын хэсэгт Байгаль хамгаалагч С.Бадгаа, Ч.Ганчөдөр, О.Амаржаргал, газрын даамал А.Түмэннаст, хэсгийн төлөөлөгч Б.Алтангадас, цагдаа Г.Сүхцэрэн нар багтжээ. Ирвэс Хярын хөхийн өвөр хаданд өдөржин хэвтэж, унтаж байхад нь ажлын хэсгийнхэн ирж зургийг нь авч, бичлэг хийж нас, биеийн хэмжээг ойролцоогоор тогтоосон тухай тус сумын байгаль орчны улсын байцаагч, ажлын хэсгийн ахлагч Д.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр "Энэхүү ирвэс нь хээлтэй Гинс гэдгийг бат тогтоосон" гэв.

Ирвэсийн биеийн урт ойролцоогоор нэг метр 50 см бол сүүл нь 80-90 орчим см, нас бие гүйцжээ. Ирвэсийн ороо хоёрдугаар сард орж 90 хоногийн турш хээлээ тээж 2-6 гүем гаргадаг аж. Ирвэс тус газраас 5,6 км-ийн зайд хээлтэй үнээний гүрээг ханаж унагасан хэдий ч идэж амжаагүй байхад нь тэр хавийн малчид таарсан байна. Нутгийн иргэдийн ярианаас ажихад ирвэс идэш тэжээл хайж тал руу буусан байх магадлал өндөр ажээ. Мөн Бэрх хайрханд дөрвөн ирвэс байдаг тухай нутгийн малчид ажлын хэсгийнхэнд танилцуулжээ. Дэлхийд ховордсон энэ амьтан Баянхонгор аймгийн Галуут суманд байгаа нь ийнхүү батлагдлаа. 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top