Р.Наранбаяр: Өмнөд хөршид болох Нүүдэлчин-70 цуврал үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд борлуулалтаа нэмэгдүүлэх цоо шинэ боломж олгож байна

2017 оны 05 сарын 29

Үндэсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг нь өмнөд хөршид  борлуулах, сурталчлах зорилготой Нүүдэлчин-70 цуврал үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Наранбаяртай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе. Уул уурхайн салбарын уналт, түүнийг дагасан эдийн засгийн ужиг хямралд улс орноороо нэрвэгдээд байгаа өнөө цагт үндэсний баялаг үйлдвэрлэгчдээ авч үлдэх богино хугацааны бодитой дэмжлэг үгүйлэгдсээр байна. Нийгэмд үйлчлэх зорилготой МММ-ийн хүрээлэнгийн энэ удаагийн арга хэмжээ үндэсний жижиг дунд үйлдвэрлэлд чамгүй дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүнээ тогтмол экспортлох томоохон боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой ажээ.Нүүдэлчин-70 үзэсгэлэнгийн бүртгэл хүмүүсийн ярьдгаар нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн урд талд TG төвийн 604 тоотод байрлах МММ-ийн хүрээлэнгийн байранд 6-р сарын 3-ныг дуустал явагдаж байгаа. Утсаар лавлахаар бол 7011-5775, 8085-7050, 9908-5897 дугаарын утсанд холбогдоорой.

 

-Сайн байна уу? Танай хүрээлэн ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байгаа бололтой. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн сонирхлыг татаад байгаа Нүүдэлчин-70 үзэсгэлэн худалдааг ямар учраас зохион байгуулахаар болсон талаар яриагаа эхлэе.

-Сайн байна уу? Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Нүүдэлчин-70 экспог сонирхож, мэдээлэл авах гэсэн, оролцохоор гэрээ байгуулж байгаа хувь хүн, компаниуд нэлээд байна. Бизнесийн зовлон жаргалаа хуваалцсан ажил хэрэгч яриа хөөрөө чухам энд л өрнөж байна гэлтэй. Манай хүрээлэн 2008 оноос хойш дотооддоо олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд байнга хамтарч ажилладаг байгууллагуудын тодорхой хүрээлэл бий болчихсон. Тэдний зүгээс БНХАУ-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санал олон удаа тавьж байсан юм. Дээр нь энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг аймаг, хот, хошуу бүрт нь өргөн дэлгэр тэмдэглэхээр болж улсаас нь өдий төдий хөрөнгө оруулалт, төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм билээ. Энэ хүрээндээ БНХАУ-ын үзэсгэлэн худалдааны мэргэшсэн байгууллагууд, тухайн нутаг орны засаг захиргаа, худалдааг дэмжих хороо зэрэг байгууллагуудаас Өвөр монголын хот, хошуудад цуврал үзэсгэлэн хамтран зохион байгуулах урилга ирүүлснээр Нүүдэлчин-70 үзэсгэлэн худалдаанд Монгол улсаа төлөөлж оролцох үйлдвэр, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажил ид өрнөж байна л даа.

-Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчдын талаар тодруулж өгнө үү.

-Монголын талаас МММ-ийн хүрээлэн ерөнхий зохион байгуулагчаар ажиллах бол БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Замч ХХК ерөнхий зохион байгуулагчаар оролцоно. Ордост болох анхдугаар үзэсгэлэнд БНХАУ-ын үзэсгэлэн худалдааны томоохон, мэргэшсэн компани болох Western Union Exhibition, Ордос хотын худалдааг дэмжих хороо, Монгол шатрын талбайн төв үзэсгэлэнгийн танхим хамтран ажиллана.

-Цуврал үзэсгэлэн ер нь хаана хаана зохиогдох товтой вэ?

-ӨМӨЗО-ы Ордос хотын Канбаши дүүрэг, Шилийн гол аймгийн төв Шилийн хот, Зүүн үзэмчин, Баруун үзэмчин, Авга хошуу, Улаанцав аймгийн Дөрвөд хошуу гээд 6 газар цувралаар зохиогдоно. Хамгийн эхний Ордосын үзэсгэлэн гэхэд л Орос, Монгол, Хятад олон улсын анхдугаар үзэсгэлэн худалдаа гэдгээрээ өргөн цар хүрээтэй. Нийт 260 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Ер нь энэ газруудад 70 жилийн ойн наадам болох өдрүүдээр үзэсгэлэнгээ зориуд зохион байгуулж байгаа болохоор худалдан авалт өндөр байх болов уу гэж найдаж байгаа. Мөн өвөр монголчууд манай малчдын нэгэн адил ноос, ноолуур, малын гаралтай түүхий эдээ борлуулж амьжиргаагаа залгуулдаг ард түмэн юм байна. Жилийн гол орлогоо олсон, худалдан авах чадвар сайтай цаг үеийг сонгосон нь ч тохиолдлын хэрэг биш.

-Ордосын үзэсгэлэн яг хэзээ болох вэ?

-Ордост болох үзэсгэлэн 6-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 5 хоног үргэлжилнэ. Манай оролцогчид Ордост нийт 7 хоног байрлах юм. Эхний өдөр үзэсгэлэнгийн бэлтгэл, олон улсын бизнес форум болох бол хамгийн сүүлийн өдөр Ордос хотоор аялах аяллын хөтөлбөр багтсан байгаа. 6 сарын 19-нд эндээс хөдлөөд 29-нд ирнэ гэхээр бүхэл бүтэн 11 хоногийн аялал болж байгаа биз.

-Аялал гэснээс манайхан гадаад руу, тэр дундаа өмнөд хөрш рүү аялах сонирхол өндөр байдаг. Бизнесийн харилцаа холбоо тогтоож, бараагаа зарж борлуулахаас гадна аялах боломж байгаа нь сонирхолтой байна.

-Тэгэлгүй яах вэ. Манай зарим байгууллагууд шагналын журмаар шилдэг ажилтнаа олноор нь явуулж байна. Хоолноос бусад зардалд 440’000 төгрөг төлнө гэдэг бол ямар ч аяллын зардлаас хямд тусч байгаа. Энд зочид буудал, замын зардал бүрэн багтсан. Дээр нь Ордос бол хятадын төр засгаас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хотуудын нэг юм билээ. Жишээ нь азидаа томд тооцогдох хөгжмийн аясаар дээшээ 80 метрт оргилдог усан оргилуур манай үзэсгэлэн болох Монгол шатрын талбайн яг дэргэд байдаг. Түүнийг үзэх гэсэн хүмүүсийн урсгал маш их. Бид зохион байгуулалтын ажлаар Ордост очоод ямар их бүтээн байгуулалт хийж чадсаныг хараад үнэхээр гайхсан.

-Үзэсгэлэнгийн зардал ер нь хэд юм бол?   

-Үзэсгэлэнд оролцох нийт зардал хоёр сая хоёр зуун мянган төгрөг. Энд замын зардал, долоо хоног байрлах өглөөний хоолтой зочид буудлын төлбөр, үзэсгэлэнгийн талбайн түрээс, авч явах ачааны төлбөр, гаалийн төлбөр гээд бүх зардал багтсан байгаа. Мэдээж ачааны хэмжээг урьдчилан зааж өгч байгаа л даа. Хэрвээ заасан хэмжээнээс илүү гарсан ачаа авч явбал нэмэгдэл төлбөрөө төлөх юм. Бүх зардлыг илүү ч үгүй, дутуу ч үгүй тооцож ямар нэгэн нэмэлт төлбөр шингээхгүйгээр тогтоож өгсөн. Тэр ч байтугай Ордосын ид аялал жуулчлалын, баяр наадмын үеэр зочид буудлууд нь манай төлбөрт тооцсоноос 10 дахин үнэтэй болдог гэж байгаа.

Хятадын зах зээлд гарах боломж

-Үзэсгэлэнд оролцох гадаадын компаниудтай манай монголын бизнесмэнүүд холбоо тогтоох боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Үзэсгэлэн эхлэхээс нэг хоногийн өмнө болох бизнес форум дээр тэнд очсон 160-аад хятад компаниудын төлөөлөлтэй уулзаж, бараагаа байнга нийлүүлэх гэрээ байгуулж болно. Энэ бол цэвэр манай аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй оролцооноос хамаарна. Дан ганц үзэсгэлэн худалдааны үеэр борлуулалт хийх гэхээсээ илүү байнгын дистрибютерээ сонгоход анхаарах хэрэгтэй байх.  

-Монгол улсаа төлөөлж оролцох байгууллагууд ихэвчлэн ямар чиглэлээр оролцож байгаа вэ?

-Өвөр монголчууд манай үндэсний үйлдвэрлэлийн бараанд их элэгтэй байдаг нь анзаарагдсан. Үндэсний дээл, хувцас, гутал, малгай, алт мөнгөн эдлэл, ноос, ноолууран эдлэл, гар урлал, хивс, эмээл хазаар гээд монголд үйлдвэрлэсэн чанартай эд бараа сайн борлогддог. Хүнснээс гэхэд л чацаргана, зөгийн бал, хатаасан болон лаазалсан мах, хиам, чихэр шоколад, ундаа жүүс, жимсний чанамал гээд дурдаад байвал дуусахгүй ээ. Үйлдвэрлэгчдэд хандаж хэлэхэд та ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэл эрхлээд, борлуулалтын шинэ суваг хайж л байгаа бол бидэнд хандах хэрэгтэй. Зөвхөн үйлдвэрлэгчид гэлтгүй их дээд сургуулиуд, аялал жуулчлалын байгууллагууд, авиа компаниуд, ховор цуглуулгатай хүмүүс хямд зардлаар үзэсгэлэнд хамрагдаад явах боломжтой.

-Хямд гэхээр яг хэдэн төгрөгийн зардалтай вэ?

-Их дээд сургууль, аялал жуучлалын болоод авиа компаниуд 950 мянган төгрөгөөр хамрагдах боломжтой. Учир нь эдгээр байгууллагууд ачаа багатай аялна, үзэсгэлэнгийн талбайд бага зайд сурталчилгаа явуулах боломжтой зэргийг харгалзаж үзсэн юм.

Үзэсгэлэнгийн бүртгэл 6-р сарын 3-ныг дуустал явагдах ба төлбөрөө гурав хувааж төлөх боломжтой

-Үзэсгэлэнд яаж бүртгүүлэх вэ?

-Нүүдэлчин-70-Ордос үзэсгэлэнгийн бүртгэл хүмүүсийн ярьдгаар нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн урд талд TG төвийн 604 тоотод байрлах МММ-ийн хүрээлэнгийн байранд 6-р сарын 3-ныг дуустал явагдаж байгаа. Утсаар лавлахаар бол 7011-5775, 8085-7050, 9908-5897 дугаарын утсанд холбогдоорой.

-Цуврал үзэсгэлэнгийн дараагийн тов гарсан уу?

-Бүх үзэсгэлэнгийн тов гарсан. Ордосын үзэсгэлэнгийн дараа Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд 6-р сарын 29-нөөс 7-р сарын 3-ны өдрүүдэд Нүүдэлчин-70 үзэсгэлэн болно. Ордост болох анхдугаар үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд хүсвэл Зүүн үзэмчин хошууны үзэсгэлэнд оролцож болно. Хэрэв дараалсан хоёр үзэсгэлэнд оролцож байгаа бол дараагийн үзэсгэлэн болох газрын зочид буудлын зардлыг зохион байгуулалтын зардлаас гаргахаар шийдвэрлэсэн.  

-Түрүүнд та үйлдвэрлэгчид бизнесийн жаргал зовлонгоо хуваалцаж байгаа талаар ярилаа. Ямар бэрхшээл байгаа талаар ярьж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдээд үйлдвэрлэгчдийн маань борлуулалт эрс буурч байгаа. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломж алга байна. Гэтэл үйлдвэр байгуулна гэдэг ямар их хөрөнгө оруулалт шаарддаг билээ. Тэр болгоныг бизнесменүүд дангаараа гаргах боломжгүй. Ихэвчлэн зээлийн хөрөнгөөр шийдсэн байдаг. Борлуулалт муу байхад зээлээ төлөөд ашигтай ажиллаад үйлдвэрээ хэвийн аваад явахад давхар давхар хүндрэл гарна. Бүр үзэсгэлэнд оролцох хүсэлтэй, барааны нөөц ихтэй ч бэлэн мөнгөгүй болохоор төлбөрийг 100 хувь урьдчилж төлөх чадваргүй байгаагаа учирлаж байна. Тиймээс бид Улаанбаатараас оролцож байгаа зарим үйлдвэрлэгчдэд төлбөрийг гурав хувааж төлөх бололцоо олгохоор шийдвэрлэсэн. Анх бүртгүүлж гэрээ байгуулахдаа 30 хувийг буюу 660 мянган төгрөг, бараагаа ачуулахдаа буюу 6-р сарын 3-нд 40 хувийг, 6-р сарын 15-ны дотор үлдсэн 30 хувийг төлж үзэсгэлэндээ хамрагдах боломж олгож байгаа. Манай үйлдвэрлэгчид үзэсгэлэнгийн төлбөрийн ихэнх хэсгийг замын зардал, зочид буудал, ачаа тээвэр, гаалийн төлбөр эзэлж байгааг надаар хэлүүлэлтгүй гадарлаж байгаа байх. Тэгэхээр энэ бол үйлдвэрлэгчдэдээ бидний зүгээс барьж байгаа том боломж юм шүү.

-Тэгэлгүй яах вэ. Төр засгаас бодитой дэмжлэг үгүйлэгдэж байгаа энэ үед үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах гэж байгаа танай хүрээлэнгийн хамт олонд амжилт хүсье.

-За баярлалаа. Үйлдвэрлэгчид маань нэгдэж нягтраад хямралыг давах гарц хайхад бидний үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм. Тиймээс олуулаа эвлэлдэн нэгдээд хийж байгаа арга хэмжээ маань амжилт дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.  

 

Top