Монгол улсын засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлөөлөлүүд оролцсон юм.
Өдөрлөгийг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлэхдээ Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм.
Манай улсад хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна. Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Бид батлуулсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой нягт хамтран ажиллана гэлээ.
Төв аймгийн ИТХ,ЗДТГ-аас эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарал хандуулж орчин үеийн тоног төхөрөөмж авч өгөх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагаас гадна долоо хоногийн 3 дахь өдрийг эрүүл мэнддээ анхаарах өдөр болгон зарлаж тухайн өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, байгууллагаа хамт олон, иргэдээ хамруулан дасгал хөдөлгөөн,явган аялал хийх зэрэг эрүүл мэндийг дэмжсэн олон талын ажлуудыг эхлүүлээд байгаа нь олны талархлыг хүлээсэн арга хэмжээ болжээ.
Энэ үеэр төв аймгийн Мөнх-Алдарын талбайд цугларсан иргэдэд Арьсны өвчин судлалын төв,Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гранд мед эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд элэгний хатуурал, хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо хийсэн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг өглөө 09.00 цагаас оройн 19.00 цагийн хооронд хүргэлээ.Энэхүү өдөрлөг 21 аймагт өрнөх бөгөөд Төв аймаг 2 дахь аймаг нь болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )