2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалт эх орны эрдэс баялгийн сан хөмрөгийг сахин хамгаалж буй өмнийн цэнхэр говьд амжилттай боллоо. Тэрбээр Өмнөговь аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзан "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрөө танилцуулан, халуун дулаан уулзалт болж өндөрлөсөн юм. Танхимдаа багтахааргүй олон хүн цугларсан учир говьчууд гадаа талбайд нэмэлт суудал засан сууж эрхэм нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөр, халуун дулаан үгсийг чих тавин сонсож байлаа.
Тус уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Н.Наранбаатар, Аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр, Аймгийн МАН-ын хорооны төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга, Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Олимпын аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган, Монгол улсын төрийн хан хуурч, ардын жүжигчин, СГЗ Ц.Цэрэндорж, МУГЖ, дуучин Э.Бүрнээбаяр, Аймгийн арслан Э.Нямаа тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Уулзалтын үйл ажиллагааг нээж Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Н.Наранбаатар үг хэлсэн юм.
Тэрбээр “Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч Монгол төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай цаг мөч бидний өмнө ирээд байна. Манай намаас нэр дэвшигчийн хувьд үндэснийхээ хэв шинжийг тодотгосон, өвөрмөц хэлбэр, өргөн агуулгатай, өнөөдрийн хүн бүрийн хүсэн хүлээж байгаа асуудлуудыг багцлан багтаасан мөрийн хөтөлбөрийг өргөн дэвшүүлээд байна.
Говьчууд та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр 2016 оны шат шатны сонгуульд Өмнөговь аймгийн МАН-ын хороо үнэмлэхүй ялалт байгуулж, аймаг, сум, багийн түвшинд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх дүүрэн боломж бүрдлээ. Бидний дэшүүлсэн “БИД ХАМТДАА-2020” мөрийн хөтөлбөр бол өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг юм. Тиймээс нэгэн зорилготой, нэгдмэл бодлоготой бидний мөрийн хөтөлбөрийг бүтэн хэрэгжүүлэх боломжийг олгож, Эрхэм сонгогчид Та бүхнийг МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна.
Өмнийн цэнхэр говь нутагт өрнөж буй уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь олон мянган Монголчуудын аж амьдралд үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц байр сууриа эзэлж байна.
Манай аймагт зөвхөн 2016-2017 онд 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүллээ. Цаашид бидний үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж, УИХ, ЗГ-ын түвшинд нягт хамтран ажиллах Ерөнхийлөгчийг говьчууд бид хүсэн хүлээж байна.
“Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриан дор нэгдэн ирээдүйн төлөө иргэн бүр сонголтоо зөв хийж, түмэн олон маань амгалан жаргалтай, төр улс маань бүтэн заяатай байхыг хүсэн ерөөе” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нүүдэлчин айл ачаа даах тэмээндээ тооно, бурханаа ачдаг шиг МАН хамгийн итгэл даах хүнээ нэр дэвшүүлсэн
"Ноён нуруутай хүн бол М.Энхболд дарга. М.Энхболд дарга “санамсаргүйгээр” Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа юм биш. Хүн сансарт нисэхийн тулд олон удаа уйгагүй бэлтгэл хийдгийн адил МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших нөхцөл нь бүрдсэн хүн бол М.Энхболд юм. Тэрээр нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас эхлээд дүүргийн орлогч даргыг хийж улмаар нийслэл хэмээх том айлыг амжилттай удирдан авч явж байсан туршлага түүнд хангалттай бий. Тоос шорооноос эхлээд хотын өнгөтэй, өөдтэй бүтээн байгуулалтыг хийх ярвигтай ажлуудыг М.Энхболд л хийж чадсан. Товчхондоо тэр Бага Ерөнхий сайд байсан. Дараа нь жинхэнэ Ерөнхий сайд болсон. Түүнийг Ерөнхий сайд байхад Монголын эдийн засаг хямралт байдлаас гарсан. Дараа нь шадар сайдаар олон жил ажиллаж хамаг л хэцүү мэргэжлийн хяналт, Онцгой байдал, ган зуд, аюул осол, спорт гээд бүхий л зүйлд оролцсон. Түүнд оролцоогүй салбар гэж нэгээхэн ч үгүй. Дараа нь хууль тогтоох эрх мэдлийн салбарт ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан бол өдгөө УИХ-ыг даргалж байна.
Энэ бүхнээс харахад МУ-ын Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн гэдгээ бүрэн харуулж байгаа юм. Тэр энэ бүхэнд хат сууж алхаар хэдэн ч удаа цохисон эвдэрч нугарахгүй байхаар хатуужсан хүн. МУ-ынхаа төлөө, МУ-ын үндсэний аюулгүй байдлын төлөө, МУ-ын тусгаар тогтнолын төлөө, МУ-ын ард түмний төлөө өөрөөсөө гарах бүх зүйлийг тэр хийсэн. Бид найдвартай хүнийг л дэвшүүлнэ. Энэ хүнд цаг үед найдвартай хүнийг дэвшүүлэхээс ч өөр арга алга. Манай М.Энхболд дарга л найдвартай. Нүүдэлчин айлд бурхнаа, тооноо ачдаг тусгай тэмээ гэж бий. Хамгийн номхон, хамгийн тэвчээртэй, хамгийн ачаа даах чадвартай тэр тэмээн дээр л бурхан тахил, тооноо ачдаг. Түүнтэй адилхан хамгийн найдвартай хүнээ бид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна. Ерөнхийлөгч болоод аливааг сурна гэсэн ойлголт байхгүй, шууд л ажилдаа ордог. Тэгэж чадах хүн бол М.Энхболд юм.
М.Энхболд дарга хүний үгийг маш сайн даадаг, хүлээцтэй чанарыг нь би сайн мэднэ. Энэ хүний хийж бүтээсэн ажлыг дурдаад байвал дуусашгүй биз ээ. М.Энхболд дарга “Би”-гийн өвчингүй нь надад таалагддаг. Би М.Энхболд даргыг холч, онч, төвч хүн гэж үздэг. Төрийн удирдагч хүн холыг хардаг байх ёстой. Энэ чадварыг хүн бүр эзэмшээд байж чаддаггүй юм. Улс орныхоо бүхий л талыг олж харж чаддаг холч, зангарагтай улс төрч өнөөдөр ус, агаар мэт хэрэгтэй байна. Бид агааргүй хэдэн ч хором байж чаддаггүй, усгүй хэд ч хонож чаддаггүй. Тийм учраас долоо хэмжиж нэг огтолно гэдэг шиг бараг найм хэмжиж нэг огтлон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэвшүүлсэн. Монголын гурван сая хүнийг эвтэй найртай байлгаж, Монголын төрийг тогтвортой аваад явчих хүн бол М.Энхболд гэж би хувьдаа итгэдэг шиг та бүхэн ч гэсэн итгэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлэхэд иргэд сонгогчид “Халуун алга ташилтаар мялааж, уухайн түрлэг өргөн ёстой л голыг нь олоод хэлчихлээ” гэцгээж байлаа.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган: Нутгийн ахаа МУ-ын Ерөнхийлөгч болно гэдэгт итгэл дүүрэн дэмжиж явна
Монгол улсын спортын түүхэнд том амжилт гаргасан бидний хайртай тамирчин говь нутагт хүрэлцэн ирсэнд хүн бүр талархан хүлээж авлаа. Тэрээр уулзалтанд хүрэлцэн ирсэн иргэд сонгогчдод хандан хэлсэн үгэндээ М.Энхболд дарга бид хоёр нэг нутгийнх. Нутгийн ахаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэдэгт итгэл дүүрэн дэмжиж явна. 2008 онд спортын төсөв 50 сая төгрөг байсан. Тухайн үед М.Энхболд дарга энэ төсвийг 3.7 тэрбум төгрөг болгож баталж өгч байсан нь спортын түүхэн дэх онцлох үйл явдал болсон. Спортод үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн М.Энхболд ахдаа талархаж байгаагаа дахин илэрхийлж Өмнөговьчуудыг дэмжиж сонгохыг уриалав.
Оюутан Б.Билэгжаргал: Би ирээдүйд оюунлаг, гэгээлэг нийгэмд амьдрахыг хүсч байна
Намайг Батбуянгийн Билэгжаргал гэдэг. Миний хувьд анхны сонгууль учир 9 сарын нэгэн шиг л догдлож байна. Хэнд ч үгээ хэлэх эрх бий. Тиймдээ ч би энэ индрийн араас жирийн л нэг залуу хүнийхээ хувьд үндсэн хуулинд олгогдсон эрхээ эдлэж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхээр гарч ирлээ. Би аль нэг намын гишүүн биш. Та бүхэнтэй л адил Монгол Улсыхаа ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай үүргийг хүлээсэн иргэн хүн. Өнөөдөр бидний үеийн залуус монголдоо төдийгүй дэлхийд өөрсдийн мэдлэг, боловсорлоороо гайхагдаж байна. Ганцхан жишээ хэлье. Дэлхийн эрдэмтэд 23 жилийн турш бүтээж чадаагүй үнэт болор чулууг Монгол залуу ганцхан жилийн дотор шинжлэх ухааны аргаар гаргаж чадсан байна. Энэ нь Монгол залуусын эрдэм боловсролоороо дэлхийд гайхагдаж байгаагийн тод илрэл юм аа.
Монгол улсын их сургуулийн оюутан надтай адил олон залуус эрдэм боловсорлын төлөө хичээж байна. Боловсролтой оюунлаг хүн Монголын ирээдүй. Би ирээдүйд оюунлаг, гэгээлэг нийгэмд амьдрахыг хүсч байна. Миний энэ мөрөөдөл үлгэр төдий багаасай гэж би хүсэхгүй байна. Монгол улс урьд өмнө нь хэн сайн ярьдаг, хэн сайн амладаг хүнд саналаа өгдөг байсан бол өнөөдөр бид оюунлаг сонголтыг хийж хамгийн эрдэм боловсролтой мэдлэгтэй хүнийг сонгох цаг нэгэнт иржээ.
Хэрвээ надаас та хэнийг дэмжиж байна гэж асуух юм бол би “Эвтэй монгол ээлтэй төр” Миеэгомбын Энхболд гэж хэлэх болно.Та ч бас сонголтоо зөв хийж , үр хойч бидэндээ оюунлаг ирээдүйг бэлэглээрэй. Өнөөдрийн миний энэ хэлсэн үг олон залуусын оюунлаг сонголтын нээлт байгаасай гэж би хүсэж байна.
Цогт-Овоо сумын малчин И.Гүнжидмаа: Төр түших ноён нуруу, түмнээ гэх эгэл сэтгэл М.Энхболдод бий
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Меэгомбын Энхболд даргын энэ сайхан уулзалтанд оролцож үг хэлэх боломж олдсонд маш их баяртай байна.
Би бол эгэл жирийн малчин, ээж хүн. Монголчууд бид эрт дээр үеэс уламжлан буянт мал сүргээ маллаж, ашиг шимийг нь хүртэж ирсэн. Мал маллана гэдэг их арга, ухаан шаардсан, хүнд хөдөлмөр. Хүүхэд залуусыг малд дуртай болгох, нүүдлийн соёл иргэншлээ хэвээр нь авч үлдэх, өв соёлоо дээдлэх тал дээр улсаас бодлогын шинж чанартай нэлээд олон ажил, арга хэмжээ авч ажиллаж байгааг малчид бид телевиз, радиогийн хэрэгслээр хүлээн авч сайн мэдээлэлтэй байгаа.Малчдын тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан, малын гаралтай түүхий эд, ноос ноолуурын үнэ өссөн гээд малчид, хөдөө аж ахуйн салбараа дэмжиж ажиллаж байгаа одоогийн УИХ, Засгийн газартаа талархалтай байгаагаа илэрхийлье.
Эрхэм нэр дэвшигч Миеэгомбын Энхболд таныг МУ-ынхаа Ерөнхийлчөөр сонгогдож Монголын түүх, уламжлалыг хадгалж, жилийн 4 улиралд, цаг агаарын аль ч нөхцөлд, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж зүтгэж яваа малчдынхаа төлөө төр засгийн бодлогын түвшинд их зүйлийг хийж бүтээх их ухаан, их сэтгэл, зүтгэл байгаа гэдэгт малчин бид огтхон ч эргэлзэхгүй байна.
Төр түших ноён нуруу
Түмнээ гэх эгэл сэтгэл таньд бий. Говь сайхан нутгийн малчин түмэн бид чин сэтгэлээсээ Энхболд даргыгаа дэмжиж, аян замын дөрөөнд нь сүү өргөн, их ялалт амжилтыг хүсэн ерөөе өө.
МУ-ын Боловсролын Тэргүүний ажилтан, ахмад багш Ц.Амарсайхан: Боловсрол мэдлэг, ажлын агуу туршлагаараа үлгэрлэж яваа М.Энхболдыг дэмжиж байна
“Өрх гэрээс өнөр садан, өнөр садангаас улс үндэстэн бий болж оршин тогтнодог ёсон байдгийг хүн бүхэн санаж үр хүүхэд, залуу хойч үеэ зөв иргэн болгон төлөвшүүлэхэд тогтвортой боловсрол чухал. Эцэг дээдэс, эрдэмтэн мэргэдийнхээ үйл хэргийг сайн мэддэг, уламжлалт зан заншил, түүх соёлоо өвлөн үргэлжлүүлж байгаа М.Энхболдыг ерөнхийлөгчөөрөө сонгох нь зүйтэй гэж ахмадууд бид үзэж байна. Өөрийн боловсрол мэдлэг, ажлын агуу туршлагаараа үлгэрлэж яваа М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэнд талархан хүлээж авч дэмжиж байна.”
Ийнхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн хүмүүс "Чин сэтгэлийн үгээ хэлж, уухайн түрлэгээр амжилт ялалтыг хүсэн ерөөж Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялалт байгуулаарай" хэмээн гурвантаа хурайлав.
Сэтгүүлч: Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 1 )
Заавал ялаарай гэдэг чинь юу гэсэн vг вэ? Хар машин, 60 тэрбум, менге тараах, Бусдын иргэний vнэмлэх ашиглах,хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг худалдан авах эсвэл амыг нь барих,гvтгэх ,хар пиараар олон тvмний тархи угаах гм олон аргуудыг хайр найргvй ашигла гэсэн vг vv? Энэ удаа царцаа нvvлгэх хувилбар ч байж болох талтай. Ер нь гараар тоолох аргыг хэрэглээч vvнд яагаад дургvцээж байдаг юм!!!!!!!!!!!!