С.Сайхансамбуу: НАРАНТУУЛЫГ АНХ БАРЬЖ ЭХЛЭХЭД ХООСОН, ЗАДГАЙ ХОГ ХАЯДАГ ЖАЛГА БАЙСАН

2017 оны 06 сарын 12

Монголын ард түмэн түүнийг “Нарантуулын босс” гэдгээр нь сайн мэднэ. Харин “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той, “Хүндэт донор” гэдгийг нь хүн бүр мэддэггүй. Нэгэн цагт Монгол төрийн түшээгээр сонгогдож, “Дөрвөн жил би ганцаардлаа” хэмээн хэлж байсан удаатай. Улс төрийн томоохон хүчнээс нэр дэвшиж гарчихаад ийм том хүн яахаараа ганцаарддаг билээ гэж хүртэл бодож байлаа. Тэрбээр яагаад ганцаардсан тухайгаа дор өгүүлэх болно. Ингээд түүнтэй улс төрийн халуун сэдэв, тэр бүр яриад байдаггүй ажил амьдрал, бизнесийнх нь анхны гарааны тухай хуучиллаа.

120 ОРЧИМ САНТЕХНИКИЙН СЕЛЕСАРЬ, ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД УДИРДДАГ ДАРГА ХҮН БАЙЛАА

- Сайхан хаваржиж байна уу, урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Таныг хүмүүс Нарантуулын, УИХ-ын гишүүн асан гэж мэдэхээс яг ямар мэргэжилтэй, ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байсныг тань тэр бүр мэддэггүй л дээ. Тэгэхээр хоёулаа яриагаа тэндээс эхлэх нь зөв байх?

Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Би Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. Намайг гурван настай байхад манайх Улаанбаатар хотод нүүж ирсэн гэдэг. 1983 онд Политехникийн дээд сургуулийг төгсөөд, Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагаар дамжиж төрд ажиллах гараа минь эхэлсэн. Миний үндсэн мэргэжил бол барилгын сантехникийн инженер. Хамгийн хэрэгцээтэй, хамгийн ховор мэргэжил гэж би боддог. Ямар ч сайхан барилга бариад сантехникгүй бол хэцүү л дээ. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшсэн маань бизнес эрхлэхэд их нэмэр болсон. 1983-1988 он хүртэл Орон сууц, нийтийн аж ахуйн системд ажиллаж байгаад  дараа нь тэр үеийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байхад би Улаантбаатар хотын гачигдалтай иргэдийн өргөдөл, гомдол шийддэг мэргэжилтнээр ажилласан. Хоногт 130-150 өргөдөл Хотын гүйцэтгэх захиргаанд ирдэг байлаа. Түүний 70 орчим хувь нь орон сууц хүссэн өргөдөл. Тэр өргөдлийг бичиг хэргээс бүртгэж аваад, өргөдөл гаргасан хүмүүстэй нэг бүрчлэн уулздаг байлаа. Гачигдал зовлонг нь сонсдог, тэгээд тухайн хүнд зайлшүй орон сууц, гэр олгохоор болвол гэрт нь очиж шалгалт хийж, үнэн худлааг нь тогтоогоод дарга нартаа танилцуулаад, асуудлыг нь шийддэг ийм л хүн байлаа даа.

- Улаанбаатар хотын иргэдийг орон гэртэй болгох ажлыг л хариуцдаг байжээ дээ?

Тийм. Би олон зуун айлаар орж үзсэн. Амьдралын гачигдал зовлон гэж юу байдаг юм, тэр болгоныг мэднэ. Жишээлбэл, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүнд ямар зовлон тулгардаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар зовлон тохиолддог гээд бүгдийг мэднэ шүү дээ. Хараа муутай хүн нэг зовлонтой, хоёр гаргүй хүн, дөрвөн мөчгүй хүн гээд бүгд өөр зовлонтой. Нийтэд нь гачигдалтай иргэн л гээд байгаа болохоос дотроо их нарийн байдаг юм. За тэгээд, тийм хүмүүстэй чинь өдөр бүр тулж ажиллана. Одоо бол хүн өргөдөл өгөөд л байдаг, гомдлоо барагдуулах гээд төр засагтаа хандаад л байдаг тэрийг тоож байгаа, хүлээж авдаг хүн бараг байдаггүй.

- Хоногт ирдэг 120-150 өргөдөлтэй бүгдтэй нь танилцана гэхээр бас л чанга сонсогдож байна шүү?

Тэгэлгүй яахав. Нэг бүрчлэн уншиж, өөрөө ойлгож байж хүний өргөдлийг шийдэж өгнө. Яахав, олон дунд мэр сэр худал юм бий л дээ. Түүнийг шалгаж тогтоогоод, шаардлагатай өргөдлийг нь дарга нартаа танилцуулна. Тусад нь оочер бичээд, дугаарладаг байсан. Хүмүүс намайг анхнаасаа л худалдаа наймаа эрхлээд явчихсан юм шиг санадаг. Уг нь бол би хар багаасаа төрийн албанд зүтгэсэн хүн. Орон сууц нийтийн аж ахуйн системд байхдаа 120 орчим сантехникийн селесарь, инженер техникийн ажилтнууд удирддаг, Улаанбаатар хотын нийт сантехникийн шугам хоолойнд гарсан осол аваарыг явж засдаг, “Аваар, засвар үйлчилгээний анги”-ийн дарга хүн байлаа. Дөнгөж 25-хан настай байхдаа шүү дээ. Мэргэжлийн, өндөр боловсролтой тэр олон селесаруудыг захирч, тэднийг нэг удирдлаганд оруулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, барилгын гадна талын шугам сүлжээний асуудлыг явж шийддэг байсан.

- Төрийн албанд нэлээд удсан юм байна шүү дээ. Хэзээнээс хувийн бизнесээ эхлүүлсэн юм бэ?

1992 онд “Нарантуул” компанийг байгуулаад төрийн албыг орхисон доо.

ОЮУТОЛГОЙГ ЛУЙВАР ХИЙЖ АВСАН

- Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд дөхчихлөө. Нэр дэвшигчид тодроод, сурталчилгааны ажлаа эхлүүлчихсэн явж байна. Таныг гурван нэр дэвшигчийг их сайн мэддэг гэж дуулсан юм байна?

Тэгэлгүй яахав, миний сайн мэддэг гурван нөхөр өрсөлдөж байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын захиргаа, нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд М.Энхболд эдийн засгийн мэргэжилтнээр  ирж, би Нийтийн аж ахуй удирдах газар сургуулиа төгсөөд томилогдож ирж байсан. Цуг улс төр хөөгөөд явбал болохоор л байсан байх. Гэхдээ би бизнес хөөгөөд явсан л даа. Харин Х.Баттулгатай 1990 оноос хойш худалдаа наймаа эрхэлж, бизнесийн гараагаа цуг эхлүүлж байлаа. Тэгэхээр нэгэнтэй нь төрийн албанд цуг ажиллаж, нөгөөхтэй нь бизнес хийж байжээ. С.Ганбаатартай УИХ-ын гишүүн байхдаа нийгмийн даатгалын хууль анх санаачилж, хийе гэж ярьж байсан юм. Гэвч тэр маань бүтээгүй. Нийгмийн даатгалын хуулийг бүхлээр нь өөрчлөе гэж, хууль хамтарч өргөн барья гэж ярьж байсан юм. Тухайн үед Оюутолгойн асуудал гарч  ирээд би дөрвөн жил тэрэнтэй зууралдсаар байгаад өнгөрсөн. Оюутолгойг өнөөдөр яг ийм байдалд хүрнэ гэдгийг би тэр үед ганцаараа орилсоор байгаад дийлээгүй. Сүүлдээ их хуралд дэвших эрхээ хасуулаад өнгөрсөн дөө.

- Таныхаар Оюутолгойн асуудал дээр бид яаж хандах ёстой байсан юм бэ?

Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч нь анх Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт байсан юм. Түүгээр хэсэг хийлгэж байгаад удалгүй Сангийн сайд асан С.Баярцогтыг томилсон. Өнөөдөр манайхан Оюутолгойг “Рио Тинто” гэж яриад байгаа юм. Тухайн үед “Рио Тинто” гэж компани Оюутолгойтой холбоотой байгаагүй, “Айвенхоу Майнз” гэж байсан юм шүү дээ.

- “Айвенхоу Майнз” нэрээ өөрчлөөд “Рио Тинто” болчихсон гэх ойлголтыг нийгэмд өгөөд байдаг шүү дээ?

Үгүй. “Айвенхоу Майнз”-ын Гэрээний удирдамжийн хэлэлцүүлгийн компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Роберт Фридланд гэж нөхөр Оюутолгойг луйвардаж авах ажлыг манай улс төрчидтэй нийлж гардан зохион байгуулсан юм. Жинхэнэ хутган үймүүлэгчид гэж би хэлнэ. Тэр нөхдүүд манай улс төрчдийг хахуулдаж, өчүүхэн шунал дээр нь тоглолт хийж Оюутолгойг луйвар хийж авсан.

“Наадуул чинь луйвар хийх гэж байна, ард түмний өмч шүү дээ” гэж би хэлээд, хэлээд бараагүй.

Тухайн үед би чуулган дээр “Наад “Айвенхоу Майнз” чинь нөөцийг нь тогтоогоод зардаг компани болохоос бүтээн байгуулдаг компани биш байна. Тийм учраас наад нөхдүүд чинь та нартай гэрээ хийчихээд буцаагаад зарчихна. Тэр тохиолдолд яах юм бэ, нэг мэдэхэд Хятадад зарчихсан байвал бид яах уу” гэж хэлсэн. Тэгсэн “Өө тэр тал дээр асуудал байхгүй. Санаа зоволтгүй. Их хурал дээр буцаж ирж байж хэнд, хэзээ, яаж зарах гэж байна вэ гэдгийг шийдүүлнэ” гэсэн юм шүү дээ. Гэтэл нэг мэдэхэд л “Рио Тинто” гэдэг компани авчихсан гэсэн.

- Тэгэхээр “Айвенхоу Майнз” манай баялагийг маш хямдхан аваад өөр нэг компанид өндөр үнээр зарчихсан гэсэн үг үү?

Тийм шүү дээ. Энэ ажлыг гардан зохион байгуулсан луйварчдын зарим нь одоо их хуралд байна, зарим нь гадагшаа Элчин сайд энэ тэр гээд явсан.

Биднийг гэрээг нь эсэргүүцэхээр “Хоногт сая доллар алдаж байна” гэж чуулган дээр загнаж байсан.

Анх орж ирснээс нь хойш зургаан сар хойшлуулсан, түүнээс илүү чадаагүй л дээ. Тэгээд Ц.Элбэгдоржоос эхлээд манай бүх улстөрчид  их хурлын зааланд сууж байхад хурдан морины хүүхдэд өгдөг шиг 250 сая долларын пайз гардуулж өгөөд л, баяр тэмдэглээд өнгөрсөн.

Хуралд суусан хүмүүсээс ганцхан хүн л инээгээгүй

“Айвенхоу Майнз”-ын менежер гэж нэг хүн байсан. Манайхан бол чихэндээ хүртэл инээсэн дээ. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр тэр хүн бол учрыг нь ойлгож байсан байхгүй юу. Бид нар энэ улсын ийм их хөрөнгийг арай л дэндүү луйвардаж авч байна даа гэсэн бодолтой. Пайз гардуулаад зогсож байхад их урвуу царайтай байсан. Хэрвээ тэр бичлэгийг дахиж гаргаж  ирвэл мэдэгдэх байх. Магадгүй тэр хүн дотроо манайхныг их өрөвдсөн биз. 250-хан сая долларын пайз зүүгээд, бараг хүн бүр мөргөөд л жигтэйхэн юм болсон шүү дээ. Тэр бол үнэхээр шившигтэй хурал болсон. Манай ард түмэн долоон удаагийн сонгуулийн дараа л энэ хоёр нам явахгүй гэдгийг ойлгож байна даа. Одоо шинэ улс төрийн хүчин гарч ирж зохицуулахаас өөр арга байхгүй.

- 2016 оны сонгуульд та Тусгаар тогтнол, эд нэгдлийн намаас нэр дэвшсэн. Яагаад тийм шийдэлд хүрсэн юм бэ. Таны шийдвэрийг олон хүн гайхаж хүлээж авсан?

МАН-аас горьдлого тасраад их удсан. Энэ намд сайн хүмүүс бий, харамсалтай нь цөөхөн. Ихэнхи нь хувиа хичээсэн хүмүүс байдаг учраас үзэл бодол нийлээгүй. Түүнээс биш намайг намаас хөөсөн асуудал бол байхгүй. Би М.Энхболд даргад сонгуулийн өмнө хэлээд намаас гарсан. Би энэ намд 1992 оноос хойш хангалттай зүтгэсэн гэж өөрийгөө боддог. Санхүү байхгүй, ирээдүй нь бүрхэг, хүнд нөхцөлд байхад нь гол үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ би нэг ч удаа энэ намаас албан тушаал авч үзээгүй. Харин ч хүнд үед нь нэг суудал авчирч өгч байсан. Мөнгө санхүүгээр бол хангалттай харж үзсэн. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Одоо хүртэл надад 1989 онд элсэж орсон намын батлах байж л байна. Тэгээд 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшсэн. Харамсалтай нь өнгөрсөн оны сонгуульд будлиан орсон гэдгийг одоо зарим хүмүүс гаргаж хэлж байх шиг байна. Миний хувьд Завханд маш өндөр рейтингтэй байсан. Маш өндөр санал авсан, даанч саналын маань тал хувь нь алга болсон. Алга болсон гэдгийг нь би маш сайн мэдэж байна. Харин хэн нь яаж алга болгосон бэ гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яаж ч бодсон Сонгуулийн Ерөнхий хорооны даргын эхнэртэй өрсөлдөж байгаа хүн ялах уу. Баруунд бол энэ байж болохгүй үзэгдэл.

ХОТЫН ДАРГААРАА МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ТОМИЛДОГ УЛС МАНАЙХААС ӨӨР БАЙХГҮЙ

- Та 2008 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Нэлээд олон хууль санаачилж, өргөн барьсан гэдэг юм билээ?

Тийм ш дээ. Миний санаачилсан урт нэртэй хуулийг одоо юу болгочихоод байна. Эрүүгийн хуулийг санаачилж өргөн барьсан. Одоо хэчнээн ч хүний гар дамжаад, юу болчихов. Мөн миний санаачилсан “Шагналын тухай хууль”-ийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж би санаачилсан гээд л явж байна. Харамсалтай нь өөрөө ч батлуулж чадсангүй. Сонирхуулаад хэлчихэд, манай энэ шагналууд бүгд хүчингүй, хүн хуурсан, ямар ч урамшуулал байхгүй хоосон шагнал байхгүй юу. Зүгээр л нэг тэмдэгнүүд л өгөөд байгаа юм. Аль дээр үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар олгогдож байсан шагналууд. Гэхдээ Ардын их хурал нь татан буугдаад, байхгүй болчихсон. Бүх гаргасан тогтоол захирамж нь бүгд хүчингүй.

- Тэгэхээр “Шагналын тухай хууль”-аа яаралтай шинэчлэх шаардлагатай юм биш үү?

1992 оноос хойш болсон долоон удаагийн сонгуулиар өнгө зүсийг нь өөрчилж, шинэчлэх ёстой байсан. Батлахгүй байгаа юм. Тэгээд одоо Ерөнхийлөгчийн тоглолт хийдэг зүйл болчихоод байна. Байгууллага, хамтлаг шагнаж ч байх шиг. ТЭЦ-3-ыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнана лээ. Энэ чинь хүчин төгөлдөр биш зүйл. Харин “Чингис хаан”-ы одонгоо хүн бүрт өгөхгүй байгаа юм. Ганц хүчин төгөлдөр шагнал нь юм даа. Аан гэхдээ, энгийн иргэд бас авдаггүй юм аа. Заавал УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн л авна. Нэг үгээр хэлбэл, өөрсдийгөө шагнах гэж зохиосон шагнал байхгүй юу. Дундуур нь Г.Ариунбаатар, Б.Шарав, Г.Мэнд-Ооёо гээд энэ гуравт өгсөн байх. Дийлэнх нь л өөрсдийгөө буцаагаад шагнасан байгаа. Хамгийн эхэнд П.Очирбат гуай өөрөө авчихаж байгаа юм. Дараа нь Н.Багабанди авсан. Н.Энхбаяр авсан уу үгүй юу мэдэхгүй байна. Энгийн нэг инженерт өгч болно доо.

- Улаанбаатар хотын захиргаанд олон жил ажиллаасан, сантехникийн инженер мэргэжилтэй. Тэгэхээр Улаанбаатар хот ямар замаар, яавал хөгжих вэ гэдэг таны санаанд тодхон байдаг зүйл биз?

Миний төгссөн сургуульд таван жил сурахад хот төлөвлөлт, байшин, барилга барих гээд бүх зүйлийг заадаг юм. Хот төлөвлөлтөд хамгийн түрүүнд цэвэр усны хангамжийг шийддэг. Хоёрдугаарт, цахилгааны асуудал. Гуравдугаарт, хүний хэрэглээд бохир болгочихсон усыг буцаагаад яаж цэвэршүүлэх вэ? Хэрвээ би хотын дарга байсан бол цэвэрлэх байгууламж лав ийм байхгүй байсан. Ямар нэгэн аргаар цэвэрлэх байгууламжийг барина. Яагаад гэвэл би мэргэжлийн хүн учраас Улаанбаатар хотын иргэдийг салхин дээр нь ийм үнэртэй байлгахгүй л дээ. Энэбиш, Баасанжав, Мөнхбаяр гурваас бусад бүх хотын дарга нар мэргэжлийн бус.

Намынхаа томилгоогоор Хотын дарга болсон улс учраас хот төлөвлөлтийн талаар юу ч мэддэггүй.

Байшин барилга нь хүртэл ямар ч төлөвлөлтгүй. Манай Герман барилгын компанийн захирал найзууд ирээд шоолдог. Танай Улаанбаатар хотын байшингийн цонх, хаалга, дээвэр арай ч дээ. Хот нь ямар ч төлөвлөлтгүй гэнэ. Тэгээд юу гэхэв дээ. Энэ хоёр нам дөрвөн жилийн дотор булаацалдаж авсаар байгаад ийм болгочихсон юм аа л гэлээ. Яагаад танай Улаанбаатар хотын дарга мэргэжлийн бус хүн томилогддог юм бэ. Хамгийн гол юм чинь мэргэжлийн бус хүн томилоод байгаагаас болж байгаа юм биш үү. Манай Берлин хот дэлхийн хоёрдгаар дайнд юу ч үгүй болсон, гэхдээ бид найман жилийн дотор босгосон гэцгээж байсан.

-НАРАНТУУЛЫГ АНХ БАРЬЖ ЭХЛЭХЭД ХООСОН, ЗАДГАЙ ХОГ ХАЯДАГ ЖАЛГА БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ-

- Та “Нарантуул” худалдааны төвийг үүсгэн байгуулсан. Үүнээс болоод сайн, муу олон л нэр таныг дагалдаж явдаг?

Намайг төрийн ажил мэдэхгүй гэж яриад байдаг юм. Гэхдээ бусад шиг би тийм юм хийсэн, тэгсэн ингэсэн гээд зарлаад, цоллоод явах шаардлага надад байхгүй л дээ. Чи л анх удаа, Та өмнө нь хаана юу хийж байсан бэ? гэж надаас асууж байна. Би өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын ажлыг хийгээд явж байна. Хамгийн хэл амтай, хамгийн эрсдэлтэй ажлыг нь би хийж байна.

- Ямар ажил?

Над шиг ийм олон хүнийг нэг дор цуглуулаад, зохион байгуулаад, ямар нэгэн аваар, ослоос нь урьдчилан сэргийлээд, татаж авчирсан бараа, таваар, хүнсийг нь орон нутагт хүргэж өгч байгаа хүн байна уу. Нэг үгээр хэлбэл, 21 аймаг, 339 сумын бүх дэлгүүрүүд манайхаас бараагаа татаж авч байна. Хүмүүс зах, хар зах, худалдааны төв, олон улсын худалдааны төв гээд янз бүрээр л нэрлэдэг юм. Уг нь 1999 онд анх ашиглалтанд орохдоо Улаанбаатар хотын тамгын газраас өгснөөр бол “Нийслэлийн Нарантуул худалдааны төв” гэдэг нэртэй байсан юм. Харин “Олон улсын худалдааны төв” гэдэг нэрийг ард түмэн өөрсдөө өгсөн. Минийхээр бол зах гэхээсээ илүүтэй хамгийн том бөөний бараа түгээгч болчихоод байгаа юм. Тэгээд ч би анхнаасаа машины зогсоолыг наймаа хийдэг талбайгаас нь том хийсэн. Үүнийг би хотын нэрийн өмнөөс ажиллуулж байна шүү дээ. Тэгээд манайхыг ад үзээд байдаг юм.

- Яагаад ад үздэг гэж вэ?

Задгай, заваан байна л гэнэ. Энэ дээрээс Монголын дундаас доош амьдралтай бүх хүн, дундаас дээш амьдралтай ихэнхи хүмүүс амьдралаа залгуулж байна шүү дээ. хэрвээ би үүний түрээсийг нэмээд шуналтаад байх юм бол Монгол Улсын хэмжээнд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт замаа алдана. Тийм учраас би нэг хэмжээнд нь энэ олон жил барилаа. Ганцхан хүн л бариад сууж байгаа шүү дээ. Хүмүүсийн цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа энэ үед үнийг нь хямд барих л миний гол зорилго, хоёрдугаарт хурдан борлуулах. Би ийм л үүрэгтэй. Гуравдугаарт аваар осол. Харамсалтай нь намайг хорлож хоёр удаа шатаасан.

- Хорлож гэдэг нь?

Өрсөлдөгч нар байна. Түүнээс биш манай цахилгаанаас болоод шатсан ч юм биш. Би хорлон сүйтгэсэн гэдгийг нь мэдэж байна. Аваар, осол гаргахгүйн тулд бид байдаг бүх бололцоогоо гаргаж ажилладаг. Тийм учраас Нарантуулыг ад үзээд байх шаардлагагүй. Би ямар энэ олон захыг барьчихсан биш. Намайг 1995 онд Нарантуулыг барьж эхлэхэд хоосон, задгай хог хаядаг жалга байсан. Тэгээд уулнаас цэвэр хайрга татаж авчирч, нэг метр 80 сантиметр хүртэл нь өндөрлөсөн юм шүү дээ. Тэгж байж ийм талбай үүсгэж барьсан. Би анхнаасаа зөвхөн “Нарантуул” байх юм бодож л гадна талбайг нь ингэж тохижуулсан. Түүнээс биш намайг тойруулаад 73 зах үүсгэнэ гэдгийг би яаж мэдэх юм. Би өөрөө захад бүслэгдчихсэн байгаа хүн. Энэ тойрсон газруудыг Баянзүрх дүүргийн засаг дарга нар ээлж дараалан өгсөөр байгаад ийм болгосон. Хамгийн том нь “Өгөөмөр”, “Шөнийн зах” гээд байна. Тэгсэн хэрнээ бүх муу нэр нь над дээр бууна. Нарантуулыг нүүлгэнэ ч гэх шиг. Анх юм хийснээрээ л би буруудаад байх шиг.

- Нарантуулаар өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг юм бэ?

Хүн ихтэй үед гучаад мянга хүрнэ. Хүн цөөтэй үед бол хориод мянган хүн л эргэлдээд байна шүү дээ.

- Танай урд талд Дүнжингарав худалдааны төв баригдаад нэлээд олон жил боллоо. Үйл ажиллагаа ч юм уу, түрээслэгчдийн өдөр тутмын орлогод нөлөөлсөн үү?

Тэдний түрээс өндөр юм чинь яаж нөлөөлөх вэ дээ. Бидэнд нөлөөлөх ямар ч боломжгүй. 1973 онд Хотын гүйцэтгэх захиргааны дарга байсан Мөнхжаргал гэж хүний гаргасан үнэ тогтоосон захирамж байдаг юм. Тэр захирамжаар би өнөөдрийг хүртэл явж байна.

- Түрээсийнхээ үнийг нэмэхгүй, тогтвортой барина гэдэг нэлээд тууштай л хүний хийх ажил даа. Магадгүй таны энэ барьдаг бодлогоос шалтгаалаад Нарантуулаас олон тэрбумтан төрсөн гэцгээдэг байх?

Тэгэлгүй яахав, манай Нарантуулаас олон тэрбумтан төрсөн. Би тэр хүмүүсийнхээ тухай ном бичүүлэх гэж байгаа юм. Энэ оны эцэс юм уу дараа оны эхэн гэхэд гарчих байх. 1999 оноос хойш жинхэнэ хөдөлмөрөөрөө энэ дээрээс боссон тэрбумтнуудыг гаргаж ирээд төрөөс төрсөн тэрбумтнуудтай зэрэгцүүлж үзэх гэж байгаа юм. Би хэдэн тэрбумтан төрүүлж вэ гэдгийг нотолно. Гарын үсгээр төрсөн тэрбумтнуудтай харьцуулахаар ямар байх уу.

ЯДРАХ ЦАГТАА ХАНИЛЖ СУУСАН ЭХНЭРЭЭСЭЭ ЗАДРАХ ЦАГТАА САЛДАГ ЭРЧҮҮДЭД БИ ДУРГҮЙ

- Сонирхолтой ном гарах нь дээ. Нэлээд хэл ам дагуулж магадгүй л юм?

Нам дотроос надаас юм гуйгаад бүтээгүй хэдэн луйварчид байдаг юм. Одоо ч бий, зарим нь сайд хийгээд явж байна билээ. Машин авч өг гэж солиорсон хүмүүс ч бий. Би тэрийг нь биелүүлээгүй л дээ. Тэд л намайг муу хэлдэг болохоос манай Нарантуулын түрээслэгчид, ард түмэн намайг муу хэлдэггүй ш дээ. Зах нь задгай л гэдэг болохоос өөр юм байхгүй. Нэг бол намайг архи уудаг болгох гэж оролддог юм. Хэрвээ намайг эхнэрээ сольчихсон бол эхнэрээ сольдог гэх байсан байх. Гэхдээ би анх суусан эхнэртэйгээ одоо хүртэл байж л байна. /инээв/

- Танай охин С.Эрдэнэтуул "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн захирлаар томилогдсон. Зарим хүмүүс цэцэрлэгт хүрээлэнг зах шиг болголоо гээд л янз бүрээр л хэлэх юм билээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

Нэг тиймэрхүү юм ярьж, захиалгат нэвтрүүлэг хийлгэсэн байна лээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хоёр дахь Нарантуул болголоо гэсэн байсан. Шорлог зарж байна, наймаа хийж байна гэх юм. Энэ чинь аль ч улсын цэцэрлэгт хүрээлэнд байдаг л юм ш дээ. Тэгээд Нарантуул шиг болголоо гэх юм. Нарантуул яачихсан газар юм. Хүмүүсийн барааг төвлөрүүлээд орон нутагт түгээдэг л газар ш дээ. Манай охин бид хоёр жирийн иргэдтэйгээ л ажиллаж байна. Төрд сууж байгаа хүмүүсийг би бүгдийг нь мэднэ. Тэр хүмүүс л нэг тиймэрхүү юм ярьдаг юм.

- Таны “Ядрах цагтаа ханилж суусан эхнэрээсээ задрах цагтаа салдаг эрчүүдэд би дургүй” гэх үг их олон хүнд сайнаар хүрсэн. Тэгэхээр таныг эхнэртэйгээ анх хэзээ танилцаж, гэр бүл болсон тухай олон нийт нэлээд сонирхож байгаа байх?

Нээх олон авгай сольдог С.Баяр гэж нэг хүн бий. Би тэрүүгээр жишээ татаж энэ үгийг хэлсэн юм. Мөрөөрөө явж байсан нэг айлын охиныг дагаж гүйгээд л, би чамайг сайхан амьдруулна, гоё байлгана гэж сайхан үгийг сувд шиг хэлхэж байгаад л аваад суусан байж таараа. Тэгээд хүүхэдтэй болно, эхнэр чинь ямар ч ааштай байж болно. Гэтэл ганц эхнэрийнхээ аашийг олж чадахгүй, эхнэр хүүхдээ хайрлаж чадахгүй байж дахиад нэгийг, дахиад нэгийг авна. Бараг дөрөв, тав дахиа ч авчихсан яваа хүмүүс бий байх. Тийм хүмүүс төрд гарчихаад ард түмэнд хайртай, та нарынхаа төлөө зүтгэнэ гэж яриад байдаг юм. “Битгий тэгж худлаа” ярь гэж хэлмээр санагдаад байдаг юм. Тийм хүмүүсийг бүр зодчихмоор байдаг ш дээ. /инээв/

Би 19 настай Политехникийн сургуульд оюутан байхдаа анх эхнэртэйгээ танилцаж байлаа.

Манай эхнэр 18 настай байсан. Би долоон настай байхдаа сургуульд ороод 17-той төгссөн. Нисгэгч болно гээд чадаагүй. Тэгээд хоёр жил модны 2-т банз ачдаг, буулгадаг, хатаадаг грушиг хийсэн. Бас модны эсгүүрчин ч хийдэг байлаа. Ингээд хоёр жил завсардаад Политехникийн дээд сургуулийн сантехникийн инженерийн ангид орсон. Манай эхнэр аравдугаар анги төгсөөд орж ирсэн. Аав нь барилгын инженер хүн байсан юм. Аавынхаа мэргэжлийг өвлөөд орж ирж байсан юм билээ. Тэгээд хамт нэг ангид нэг жил болоод л бие биедээ дассан даа. Тэгээд би 20 настай, манай эхнэр 19-тэй байхдаа суусан. Одоо хэвээрээ л байна. 1979 онд нэг гэрт орж, хоёр хүүхэдтэй болсон. Эрдэнэтуул маань Оксфордын их сургуулийг төгсөөд ирсэн. Наранбат маань Германд арван жилээ төгсөж ирээд энд Отгонтэнгэр дээд сургуулийг Герман хэлний багш орчуулагчийн мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш гадагшаа ер явсангүй, хоёулаа Монголдоо төрийн алба хашаад явж байна. Би бол хүүхдүүдээ зөв л хүмүүжүүлсэн гэж боддог. Ямар нэгэн машин тэрэг, эд сонирхдог шунаг, сувдаг сэтгэл алга. Тийм зүйлрүү хайзайхааргүй хүмүүжүүлсэн гэж бодож байгаа. Төрд ажиллавал үнэнч ажиллах хэрэгтэй. Хувийнхаа амьдралыг төрийн албатай хольж болохгүй. Хувийн амьдрал тусдаа, төрийн алба тусдаа зүйл шүү дээ. Манай хоёр хүүхэд ч гэсэн тийм бодолтой байдаг.

- “Үнэн ба Зөв” намыг Монголын 26 дахь улс төрийн намаар бүртгэж авлаа гэх мэдээлэл цацагдсан. Дарга нь А.Отгонбаатар гэж хүн бий. Харин таныг энэ намын залуучуудтай их ойр байдаг, туслаж дэмждэг гэж сонссон юм байна?

Тийм намыг хэдэн залуучууд байгуулж байна лээ. Надаас ирж хааяа асуудаг юм. Би дээр үед намын эвлэлийн үүрийн дарга хийж байлаа. Мөн ажилчны районыг тэр чигт нь хариуцсан сантехникийн инженер хүн байсан. Энхтайваны гүүрнээс баруун тийш яваад Биокомбинат хүртэл газрыг хариуцсан ерөнхий инженерээр нь ажиллаж байлаа. Олон ч хүн, олон ч байгууллагатай харьцсан. Тиймээс төрийн ажлыг сайн мэддэг гэж би өөрийгөө хэлнэ. Энэ нэр дэвшиж байгаа гурван хүнээс лав илүү практиктай.

Тэр залуучууд бид амьд нам байгуулмаар байна гээд яриад явж байна лээ.

Дарга нэртэй нэг тамга биш. МАН, Ардчилсан намаас бусад нь тамга тэмдэгтэй, намын дарга л байгаад байгаа юм. Сонгууль болохоор л дарга нь тэрийг дэмжиж байна гээд гараад ирдэг. ИЗНН, МАХН энэ тэр гээд хүмүүсийн толгой эргүүлсэн нам ч биш, юу ч биш нэг юм байна. За тэгээд, бусад нь яг адилхан. Уг нь нам гэдэг чинь иргэдтэйгээ тулж ажиллах хүчин чадалтай, зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүсийг хэлээд байгаа юм. Өөрсдийнхөө үзэл бодлыг ойлгуулж чаддаг, юу хийх гээд байгаа нь тодорхой, бичиг үсгийн соёл өндөртэй, ёс зүйтэй хүмүүс юм шүү дээ. Би энэ намыг байгуулж байгаа залуусыг амьд нам байгуулна гэхээр зөв байна гэж байгаа юм. Одоо тийм амьд нам байхгүй. Ард түмнийг хуурсан, мэхэлсэн энэ цикл удахгүй дуусах байх аа.

- Таныг 2016 оны сонгуульд ялагдсаны дараа улс төрийн карьераа орхиж байна гэж харах хүмүүс байсан. Зарим нь энэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байх гэж харсан. Таны улс төрийн цаашдын зорилго юу вэ?

Би уг нь улс төрийг орхисон ч яахав гэж бодож байсан. Тэгсэн тэтгэврийн насыг 65 болгоод сунгачихлаа. Тэгэхээр одоо 65 хүртлээ ажиллах л болж байх шиг байна. Тийм биз дээ, 2025 он гэхэд би 65-тай тэтгэвэрт гарах гээд байна шүү дээ. Уг нь 60 настай л гаръя гэж бодсон юм, тэгсэн харин сайхан хууль гарчихлаа. /инээв/ Тэрийг нь ашиглаад тэтгэвэртээ гартал ажиллахаас яахав. Хотын гүйцэтгэх захиргаанаас эхлээд өнөөдрийг хүртэл би иргэдтэйгээ л ажиллалаа. Улс төрд орж ирж байгаа сүүлийн үеийн хүмүүсийн чанар чансаа их муудсан. Өөрсдөө боловсроогүй, гэрээ засаагүй, биеэ засаагүй байж улс төр лүү орчихсон. Заримыг нь өөртэйгөө харьцуулахаар их инээдтэй санагддаг юм. Арай ч дээ гэмээр. Надад ямар нэгэн том ажил, бие дааж ажиллах боломж тохиохгүй байсаар өдийг хүрлээ. Хэрвээ нэг тийм үе гарч ирвэл зүтгээд үзнэ л гэж бодож байгаа. Монголын салхи чиглэлээ өөрчлөх өдөр ирнэ гэдэгт би итгэдэг.

 

Б.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(49.0.135.140) 2017 оны 06 сарын 21

Yridnii balarsan ium yariad baihaar saijryylaach.heterhii hyamdiig haraad.

0  |  0
миг(66.181.180.38) 2017 оны 06 сарын 19

ийм заваан зах тэр жишээ аваад байгаа герман гадаадад чинь байна уу.

0  |  0
зочин(112.72.11.67) 2017 оны 06 сарын 19

Нарантуул захаа сайхан болгоочээ Сайхан орчин бии болговол хүн бүр л сайхан болгохыг бодно шүүдээ

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 06 сарын 17

narantuul gej uurchilugduggui 1 zakh bnaa.yamarch shinechilel baikhgui.endees mongoliin niigem mongol hunii amidral haragdana.saihansanbuugiin buruu gej helehgui ee.mongolchuud erguu tulug shig bairan deeree ergeldeed bna.

0  |  0
Гомбо(66.181.186.88) 2017 оны 06 сарын 16

За даа нөхөрлөөд хамт ажилахад естой танигдэна даа. Үхэрнээс арай л ухаантай. Ярьдаг учир

0  |  0
зочин(49.0.218.221) 2017 оны 06 сарын 16

нарантуул захаас болоод дэлгүүр лангуунуудын бараа үнэд хүрч чадахгүй лангуунуудийн түрээслэгчүүд цөөрөөд хэцүү байгаа учираас нарантуулыг зайлуул гэж орилолдоод байгаа юм шүүдээ кк кк

0  |  0
zochin(49.1.165.187) 2017 оны 06 сарын 16

hotin zahirgaand order bichij l mungunii eh uusvertei bolson bh

0  |  0
boldoo(202.21.119.94) 2017 оны 06 сарын 14

ene nuxur zygeer l xaltar tsarailsan bydyyleg taldaa l xyn ene xynees oligtoi debshiltei yum xaraxiin xereg bxgyi dee...naran tuuliig barixad gechixjee,xeden shon l xatgaa biz dee uur yu xiisen yum be sul xynii mungu karmaalj bgaa bydyyleg xar borgo l l xyn xyyxdyyd ni ch bas adilxan l bydyyleg taltai l ulsuud bgaa daa,etsgiin yum bj l bgaa...

0  |  0
Hun(202.179.24.24) 2017 оны 06 сарын 13

Olon tumnii hurungiig shataachaad tuluuchee luibarchin mini

0  |  0
zochin(66.181.176.44) 2017 оны 06 сарын 12

Odoo ene Zamiin tugjeesNarangaa buulgamaardaa neeh ikh Mongol gesen a.... End uul n Sport Tsogtsolbor barih baisan ym Ene hund Ekh oron zugeer l zailbal taarna

0  |  0
Uhaan(103.229.122.208) 2017 оны 06 сарын 12

Uhaantai hun shu

0  |  0
иргэн(66.181.176.93) 2017 оны 06 сарын 12

Хятадын засгийн газрын монголд олгосон хөрөнгийн эх үүсвэрээр баль эхэлсэн. Хэдэн хүн хэрхэн яаж хувааж идээд энэ хүнийх болсон нь сонин. Нээг их ухаантай сүрхийдээ захын эзэн болчисон бишшүү.Түрээсийн мөлжигч, луйврын хөлжигч бол нээг их юм бүтээсэн гэж хэлэхүү? Олигтойч зах биш, бохир балиар завааны цогцолбор болчихсон ичмээр бишүү эрхэмээ!

0  |  0
Zochin(66.181.186.88) 2017 оны 06 сарын 12

Mash ih teneg hundee

0  |  0
zochin (103.9.88.162) 2017 оны 06 сарын 12

duutegee ursulden .Bas batsambuugaasaa baga sanal avsan baisando

0  |  0
enkh(202.55.191.42) 2017 оны 06 сарын 12

Mundag hun shuu

0  |  0
Top