Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа

2017 оны 06 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав.

Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй хувийн өсөлттэй гарч байгааг тэрээр тэмдэглэлээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй уруудаж хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4.2 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 5000 хүнээр буураад байгааг хэллээ. Эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч, тогтворжиж эхэлсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байгааг ч Ерөнхий сайд онцоллоо. Мөн эдийн засагт ногоон гэрэл ассан учир ирэх оноос тэтгэвэр нэмж, 2019 оноос цалин нэмэх шийдвэр гаргасан. Зөвхөн тэтгэврийн нэмэлтэд гэхэд л 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг дуулгалаа.

Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олж авч хамтран ажиллах ёстой. УИХ, Засгийн газар нэг бодлогоор, нэг зүгт харж ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна гэв. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг. Тариалан эрхлэгчид, ногоочид хамтарч зоорь барих хэрэгтэй, бүтээгч, үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжээ Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ. Мөн Ерөнхий сайдын хувьд алт, мод хоёроор оролдохгүй. Тухайлбал Ноён уулыг хөндөхгүй гэж хэлснийг иргэд талархан хүлээж авлаа.

Газар тариалан эрхлэгчдэд Итгэлийн зээл олгон, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, тэжээлийн тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлж аймгуудад сүүний үйлдвэр байгуулж эхэлсэн. Энэ аяны үр дүнд манай улс хуурай сүүний импортыг бүрэн халж, улмаар гадаад зах зээлд экспортлох боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Цалинтай ээж” хөтөлбөр, төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1.5 жилээр нэмж тооцох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, Тавантолгой зэрэг уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгмийн даатгал,  Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, “Насны хишиг” зэргийн талаар иргэдэд танилцууллаа.

Мөн өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн төвийн “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвөөр орж лангуу эрхлэгчидтэй уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээнд оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.160.17) 2017 оны 06 сарын 23

Ard olnì i amidral yaj doroitoj baigaag harj baigaa bolov uu...

0  |  0
Top