Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны нэгдүгээр сарны 01-ээс өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахаар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж нээлтээ /2017.06.24/ хийлээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ-ын дарга Д. Совд "Орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, улмаар экспортыг нэмэгдүүлэх бодит шаардлага тулгараад байна. Эдгээр шаардлагад нийцүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, орон нутгийн бодит оролцоо чухал ач холбогдолтой. Аяны хүрээнд орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 21 аймагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүдийг үе шаттай байгуулах их ажлын шанг татаж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд жишиг үйлдвэрийн нээлтийг өнөөдөр хийж байна "гэдгийг тэрээр онцлов.
“Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг ”Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 2017-2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. 2017 онд 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Сүүг хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой” гэж нээлтийн үеэр хэлж байв.
Сэтгэгдэл ( 0 )