Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ сарын 17, 18-ны өдөр өрнүүн сайхан болж өндөрлөв.
Баяр наадмын нээлтэд Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон аймгийн удирдлагууд, урлаг соёлын шилдэг уран бүтээлчид оролцлоо.
Урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөж, бие биелээчид нь ардын бүжгээ бүжин гадаад, дотоодын жуулчдад монголын сайхныг мэдрүүлж чадлаа. Түүнчлэн байгууллага, хамт олны хүндэтгэлийн жагсаал болж ажлын амжилт бүтээлээ танилцуулсан юм.
Наадмын хоёр дахь өдөр МУ-ын 21 дэх аварга Г.Эрхэмбаяр ирж Их говьчуудад хүндэтгэл үзүүллээ.
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН Ш.ДАРХАНБАТ ТҮРҮҮЛЛЭЭ
Өмнөговь аймгийн түүхт 86 жилийн баяр наадамд улс, аймгийн цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан хүч үзэв. Үүнээс Хүрмэн сумын харьяат Аймгийн арслан Ш.Дарханбат 8 даван түрүүлж ХУРЦ хэмээх чимэг хүртсэн юм. Номгон сумын харьяат Аймгийн харцага Ц.Анхбаяр 7 даван үзүүрлэж АЙМГИЙН ЗААН цол хүртлээ. Их шөвөгт Хүрмэн сумын харьяат сумын заан Г. Энх-Эрдэнэ, Ханбогд сумын харьяат сумын заан Х. Даваадорж нар 6 даван АЙМГИЙН ХАРЦАГА цол хүртэв. Дунд шөвөгт Баян-Овоо сумын харьяат сумын заан Ц. Ганзориг, Хүрмэн сумын уугуул сумын заан Б. Тэнгис, Гурвантэс сумын харьяат сумын заан Б. Заандорж нар шалгарч АЙМГИЙН НАЧИН цол хүртлээ. Мөн Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан Б. Амгаланбаатар дунд шөвөгт шалгарч чимэг нэмлээ.
СУРЫН ХАРВААНД ДӨРВӨН АЙМГИЙН ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИВ
Мөн их говийнхны энэ түүхт 86 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд дөрвөн аймгийн 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьлоо.
Эрэгтэй: Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр 40 сумнаас 38 онож тэргүүн байр, Спортын мастер Д.Чулуунбаяр 35 онож дэд тэргүүн байр, Дорнод аймгийн харьяат, Спортын мастер Ж.Оюунгэрэл 32 онож гуравдугаар байрт шалгарав. Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, спортын мастер н.Чинзориг 30 онож дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, спортын мастер Ц.Батхуяг 30 онож тавдугаар байр эзлэв.
Эмэгтэй: Монгол Улсын мэргэн С.Баярмаа 32 сумнаас 32 онож тэргүүн байр, Дундговь аймгийн харьяат спортын мастер Ц.Энхтуяа 30 онож дэд тэргүүн байр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу харваач Б.Дуламсүрэн 29 онож гуравдугаар байрт шалгарлаа. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат спортын мастер Б.Бямбаа 29 онож дөрөвдүгээр байр, Ханхонгор сумын харьяат Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх 29 онож тавдугаар байрт орлоо.
ШАГАЙН ХАРВААНД 230 ГАРУЙ ХАРВААЧ ӨРСӨЛДСӨН
Өмнөговь аймгийн наадмын үндэсний шагайн харваанд 4 аймгийн 230 гаруй харваач цэц мэргэнээ сорив. Тэднээс Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тэргүүн байр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Золбоо ахлагчтай баг хоёрдугаар байр, Монгол Улсын мэргэн Б.Тэгшээ ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарлаа. Харваан Монгол Улсын үлэмж дархан мэргэн-8, дархан мэргэн-1, гарамгай мэргэн-6, хошой мэргэн-6, мэргэн-9, аймгийн гоц мэргэн 11, МУ-ын хүндэт харваач-4, харьшгүй мэргэн-2 оролцжээ.
37 АЗАРГА ТООСОО ӨРГӨЛӨӨ
Өмнийн говийнхны эл цэнгэл наадмын азарганы уралдаанд нийт 37 азарга тоосоо өргөлөө. Шандаст хурдан хүлгүүдээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн зээрд түрүүлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Мөнх-Эрдэнийн цэгээн аман хүзүүдэн, тус аймгийн Сайхан-Овоо сумын Б.Мөнхбатын хар айргийн гуравт хурдаллаа. Харин айргийн дөрөвт Цогтцэций сумын Ч.Цоггэрэлийн хонгор, айргийн тавд Цогт-Овоо сумын Х.Төртогтохын хар азарга хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгасан юм.
ЦОГТЦЭЦИЙН ХЯЗААЛАН АЛТАН ЖОЛООГОО ӨРГҮҮЛЭВ
Тус аймгийн баяр наадамд 62 хязаалан тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын М.Адъяабаатарын бор халзан алтан жолоогоо өргүүлж, Луус сумын Г.Мягмарсайханы халиун аман хүзүүдлээ. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Мөнхбатын зээрд айргийн дөрөвт Цогтцэций сумын Ч.Батжаргалын саарал хурдлав. Харин Төв аймгийн Бүрэн сумын Т.Түвшинбатын зээрд айргийн тавд хурдаллаа.
АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Н.АМГАЛАНГИЙН ХАЛИУН СОЁОЛОН ТҮРҮҮЛЛЭЭ
Мөнхүү баяр наадамд нийт 46 соёолон тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн халиун түрүүлж, Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач В.Насанбатын бор аман хүзүүдэв. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын Алдарт уяач О.Ундрахбаярын ногоон айргийн гуравт хурдалсан юм. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Д.Эрдэнэбаярын загал айргийн дөрөвт, Ханхонгор сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Нэргүйн хээр айргийн тавд хурдаллаа.
ДУНДГОВИЙН ШҮДЛЭН ӨМНӨГОВИЙН ТҮРҮҮГ АВСАН
Уг баяр наадамд 61 шүдлэн тоосоо өргөснөөс Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Баянбилэгийн хээр түрүүллээ. Харин аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач н.Батжаргалын алаг шүдлэн хурдлав. Айргийн гуравт Дорноговь аймгийн Замын- Үүдийн аймгийн Алдарт уяач Ш.Сүхбаатарын хүрэн, айргийн дөрөвт тус аймгийн Даланжаргалан сумын харьяат Э.Дэмчигнямын хамар цагаан хар давхисан бол Дундговь аймгийн Хулд сумын харъяат Э.Мөнхбатын хээр айргийн тавд хурдлав.
48 ДААГАТАЙ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ
96 жилийн ойн баяр наадамд 48 даага уралдсан билээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Н.Бямбацогтын саарал түрүүлж, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хул аман хүзүүдлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат М.Адъяабаатарын хар айргийн гуравт хурдалсан. Цогт-Овоо сумын харьяат Э.Чинбатын зээрд айргийн дөрөвт, Ханхонгор сумын харьяат аймгийн Алдарт уяач Ж.Эрдэнэбулганы алаг айргийн тавд хурдалж хурсан олноо баясгалаа.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
өмнөговийн наадам яахав дээ шүүм апартур нь гацсныг эс тооцвол гайгүй шүү Гэхдээ их халуун байсан шүү
tenegtdeg baina sh dee urisan bolood l ochson bgaa sh dee Avarga n tegeed uuruu fuimer untraagaad yavj bhuu heterhii tuilshrah yumaa Tegeed ch selengiin tuimer untarsan Bohchuudiig yu gej bodood bdgiin handiv tuslamj ugsnuu neg ih zarlaad bdgui l uls bdag yum shuu
Сэлэнгэ аймагт түймэр дүрэлзэж онцгойнхон амрах завгүй ядартлаа ус үүрч явахад аварга нь наадам хэсээд явж байгаа юм байх даа гэсэн бодол төрчихлөө байна. Ёс зүй, жудаг энэ тэр гэж их ярьцгаадаг биш бил үү