Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулалтыг нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын болон Тэнгисийн явган цэргийн командлал жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэлж байна. Энэхүү сургуульд оролцохоор төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй манай сайхан оронд эх орноо төлөөлөн хүрэлцэн ирсэн энхийг сахиулагч Та бүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хүчин чармайлт гарган, аливаа маргаантай асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж тодорхой үр дүнд хүрч байгаа хэдий ч шашин хоорондын сөргөлдөөн, үймээн самуун, терроризм, хүний болон байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй аюул занал та бидний санааг зовоосоор байна.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байдгийн хувьд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд санаачилга гарган идэвхтэй оролцож, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ.
Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчид та бүхэнтэй мөр зэрэгцэн олон улсын сургуулилтад оролцож, харилцан суралцаж, энхийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байна.
Монголын Зэвсэгт хүчин дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хөндлөнгөөс байр сууриа илэрхийлэх төдий бус хүнд бэрх, хэцүү бүхнээс үл шантран энхийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, чадах бүхнээ хийхийг чухалчилж ирсэн. Цаашид Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг ямагт дэмжиж, уламжлалт бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцдог монгол цэргийн баг, бүрэлдэхүүн дэлхийн халуун цэгүүдэд амар тайван байдлыг сахиулах, шинэ сэргэг тусгаар улсуудын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд амжилттай оролцож байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой гэж миний бие үзэж байна.
“Хааны эрэлд-2017” олон улсын сургууль манай энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ч их зүйлийг мэдэж авахын төлөө санаачилгатай, идэвхи зүтгэл гарган ажиллах хэрэгтэй.
Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилго нэгдэн манай сайхан оронд морилон саатсан энхийн элч Та бүхэн чөлөөт цагтаа нүүдэлчин соёл иргэншлийн хосгүй өвийг өнөө хэр нь уламжлан хадгалж үлдсэн Монгол туургатны зан заншил, ахуй соёл, түүх цадигтай бага ч болов танилцаарай. Ингэснээр Та бүхэн Монголын тухай амьдралдаа үргэлжид дурсах гэгээн бүхнийг сэтгэлдээ тээж, улс гүрнүүдийн найрамдал, нөхөрлөлийн гүүр, эрхэм дотны анд нөхөд болох болно.
АНУ-ын Номхон далайн командлал энэхүү сургуульд цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулж байгаа улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлага, нийт энхийг сахиулагч Та бүхэнд дахин талархал илэрхийлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )