БААЦАГААНД НАЙРГИЙН ХУР БУУЖ, БӨӨНЦАГААНД “ХҮРЭН МОРЬ” ЯНЦГААЛАА

2017 оны 07 сарын 26

Энэ жил баянхонгорчууд хамгийн том суурин болох Баянхонгор хотынхоо түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. 60 жилийг эгэл хүний амьдралын хугацаатай харьцуулж бодохоор урт хугацаа. Энэ 60 жилд хөдөө нутгийнхаа сайхныг холын хөгжлөөр сольж, хотоос өөр газаргүй мэт хэчнээн хүн түм түжгэнэж бум бужигнасан их хөлийн газрыг зорьсон юм, бүү мэд. Ямар ч байсан их байдаг бололтой, нам гүмхэн хөдөөгийн хот түмний хөлд дарагдаж, наадмын хэдэн өдөр найрын дугараа тасарсангүй. 30 гаруй мянган хүн дээр 20 орчим мянган хол ойрынхон нэмэгдээд нээрээ л хүн нь эндээ суурьшаад байвал хот шиг хот болох амархан мэт.

Харин бидний хэдэн  нөхөд олны хөлөөс алсарч Баянхонгор аймгийн Баацагаан сумыг шөнө дүлээр яаран зорилоо.

Багт маань Баянхонгор аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Мөнхцэцэг, зураглаач Эрдэнэзул, холын замын салаа, бартааг андахгүй Мөнхбаатар гэх  жолооч бид багтсан юм.

Баянхонгор аймгийн Баацагаан сум бол бидний энэ удаад зорин очих гол баатар, Монголын утга зохиолын томчуудын нэг “Хүрэн морь”-оороо хүндлэл хайрын дээдийг хүртсэн их зохиолч Чойжилжавын Лхамсүрэнгийн унасан газар угаасан ус. Энэ жил их зохиолчийн мэндэлсний 100 насны ойг хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрсөн нутгийнх нь удирдлага, түмэн олон ёслол төгөлдөр тэмдэглэн  өнгөрүүлэхээр санаа сэтгэл нэгдэж, нэгэн шинэ аянд хөлгийн дөрөө залахад хүргэсэн билээ.

Түнэр харанхуй орчныг бүчиж, тэнгэрт түгсэн түмэн одны доорх талаар нэг хэрсэн могойн явдал мэт мушгирсан замаар манай машины гэрэл дээшээ нэг онийж, доошоо нэг сүүмийн явах нь мөнөөх жолоочийн аян замын бартааг төвөггүй гаргаж, алсыг саадгүй зорихын баталгаа аж.

Орчин үеийн залуусын амиа өгөхөөс буцдаггүй элдэв төрлийн дуу хуур кабин дотор явна. Аймгийн төвөөс гарахад чихэнд наалдаж, орчиндоо нийцэж байсан эдгээр дуу хөгжим чин үнэндээ Монголын их талд, хөдөө сайхан нутагт хөг хэмнэл нийцэхгүй мэт. Аймгийн төвөөс алслах тусам сонсголонгүй болж, хөдөөгийн буйдад хэрэггүй нь ойлгогдлоо. Харин айлын жаахан амрагаа үгүйлэх, аав ээжийдээ ач санах, аранзал зээрд морио магтах, тал сайхан нутгаа шагших тэр л энгийн, нийтийн дуунууд аян замын симфони болж, ард урдаа суусан бүхний аманд эвлэгхэн аялагдах нь гайхмаар.

Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа... хэмээн Баянхонгор аймгийн Баацагаан сумын их зохиолч, Төрийн шагналт Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн гараар бичигдэж, Ч.Нянгарын аялгуугаар хөглөгдөн ард түмнийхээ дунд амьдарч, ардын дуу болтлоо дуулагдсан  Эхийн тухай дууг намуухнаар дуулан явахад нэг нутаг, нэгэн тохойгоос төр соёрхсон хоёрын хоёр хүн 20 жилийн зайтай төрөн гардаг нь хачин сонин санагдах аж.  Тийм ч болохоор их найрагчийн амьдралын намтар, төрсөн газрын түүх яах аргагүй анхаарал татна.


1917 онд одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт зарц ядуу малчны гэрт эрхэм зохиолч Ч.Лхамсүрэн маань төржээ. 1920 онд эх нь нас барж, зарцлагдаж байсан Лхамсүрэнг Чойжилжав үрчлэн авсан бага насны түүх байх аж.

1937-1940 онд Улаанбаатар хотноо худалдааны техникумд суралцаад, дараа нь ардын цэргийн алба хаажээ. 1941-1944 онд цэрэгт байхдаа дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулсан. Цэргээс халагдан монголын зохиолчдын түр хороонд ажиллажээ.МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, "Цог" сэтгүүл, "Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан.

1964-1966 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсжээ.

Нутагтаа эргэж ирсний дараа "Утга зохиол урлаг" сонинд ажилласан. Уран зохиолын томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр, Хялганатын модны үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ. Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглал зохиосон учир Монгол улсын төрийн шагнал |1963| хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Түүний уран бүтээлийг, 1930 оны сүүлч 1940 оны үе, 1950-1970-аад оны үе гэж 2 ангилан үздэг байна. Эхний үед тэрээр "Эрийн сайн эрэлхэг Болдбаатар хамгийг залгигч хар мангасыг дарсаны үлгэр" найраглал, "Үлгэрч өвгөний ярьсан нь" найраглал, “Хүрэн морь" найраглал, "Эх" шүлэг, "Ган зам" дууны үг зэргийг хамаатуулж үзэх бөгөөд хоёрдугаар үед "Шүлгүүд", "Найраглалууд", "Ган зам", "Мамей Жузей хоёр", "Гурван сайхан", "Хар алтны хаан" найраглал, "Өгүүллэг ба найруулал" Үргэлжилсэн үгийн зохиол, "Цэцэг барьсан хүүхэн" Үргэлжилсэн үгийн зохиол, "Мамей Жукей хоёр", 1954: "Тэнгис" шүлэг, "Жаргал" шүлэг, "Үнэн" найраглал, "Их ертөнц" найраглал, "Орос" найраглал, "Би газар тэнгэрийн хүү" найраглал, "Соёл багш довтолж явна" шүлэг,  "Маамуу нааш ир" дууны шүлэг,

"Зохиолын сэдэв ард түмний дунд" өгүүлэл, "Хар алтны хаан" найраглал зэрэг олон авран уран бүтээлийг нь хамаатуулж ойлгодог.

1979 онд нэрт яруу найрагч нас баржээ.


Найрагчийнх ам бүл арвуулаа. Дээр нь хүргэн, зээ охин нэмэгдэнэ. Мөн Ч.Чимэд, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ гээд тэр үеийн зохиолчид тэднийд их ирдэг байж. Тэр үед хөгжөөн наргиан ихтэй байж. Хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй ч охин Л.Чулуунцэцэг, Л.Чулуунгэрэл нар нь дуу шүлэг бичдэг. Л.Чулуунцэцэг зохиолчдын хороонд ажиллаж байжээ. Өдгөө их зохиолчийн мах цусны үргэлжлэл болсон найман хүүхэд өсч өндийн өнөр олуулаа болжээ. 

Их найрагчийн гэргий, эдүгээ 95 насыг зооглож буй С.Цэндсүрэн ханийгаа дурсахдаа “Манай хүн хүүхдэд маш их хайртай. Хүүхдүүдээ нэг ч удаа зэмлэж байгаагүй. Хүмүүстэй ам зөрдөггүй их даруу төлөв хүн байсан. Ямар сайндаа, ажлаасаа алхаад хүрээд ирнэ. Жолооч нь араас нь сураглана. Ийм энгийн хүн байсан. Бас ааш зан сайтай. Ер нь дарга нартай нийлж, дотносох нь бага. Зохиолчидтойгоо бол зохиол бүтээлээ их ярьдаг байсан. Хоёр хүүдээ юу ч хэлэхгүй дураар нь явуулснаас дээд сургуульд ороогүй. Хожим бодоход эрэгтэй хүүхдүүдэд аавын даруулга байх хэрэгтэй гэж санагддаг юм. Аав нь хүүхдүүд өөрөө мэдэг гэж дураар нь явуулснаас  дээд боловсролгүй. Нэг нь жолооч, нөгөө нь мужаан болсон. Хань маань “Би өнчин өрөөсөн айлд зарагдаж яваад хүн болсон. Хүүхдүүд маань өөрсдөө л сурч мэдэг” гээд юм хэлдэггүй” байсан хэмээн хэвлэлд ярьсан байх юм.

Аймгийн төвөөс гараад удаагүй атал зүүнтэй тэнгэрийн хаяанд сүүмгэр саарал гэгээ тодорч аяны харгуй хэдээр хорсныг тааж мэдэхэд бэрх юм. Шөнөд оройгүй шөлөнд дээжгүй гэдэг нь энэ байх. Зуны шөнө богино байдаг хойно доо, төд удалгүй цагаан гэгээ араас нөмөрч машины гэрэл аяар бөхөж, эх сайхан нутагт минь нэгэн шинэ өглөө ирлээ.

Монгол бөхийн овоо таван ханатай гэр адил үүрийн таван жингээр дүнхийж, мяралзаан дунд хэдэн адуу хээр хоножээ.

Машинаас бууж овоо тойрч, алс бэлчирт хараа бэлчээж байхуй талын салхи хацар илбэж, таанын үнэр хамар цоргино. Энэ зун Баянхонгорт маань зуншлага тааруу, өнгөрсөн зуны их бороог үгүйлсэн хүн олон. Гэвчиг шаргал талын таанын үнэр дунд тэр бүхэн замхрах ажээ. Хүүхэд ахуйдаа хангай нутагт хөхөөн дуун, хотон дахь хонь майлах, үхэр мөөрөх, холхон горхи хоржигноход, өвсөнд буусан шүүдэр дундуур хөл нүцгэн гүйж байсан олон өглөөний дурсамжтай надад говь нутгийн өглөө ер бусын хийгээд үлгэр домгийн төсөөлөгдөх.

Нүд алдам талын толин цагаан нуур, Товгорын тал, Баян сайрын тохойд төрсөн найрагчийнхаа унасан газар, угаасан уснаа нэгэнт ирсэн тул аяны чангарсан дөрөө суларч, алсын бараанд цайрах сумын төвтэй залгалаа. Ай даа сайхан нутаг юм. Айраг найраг хоёр энд л асгарах учир ийм байжээ.

II

“Хүрэн морь” 28 дахь удаагийн наадам их зохиолчийн мэндэлсний 100 жилийн тэгш ойтой таширлаж байгаад хол ойрын найрагчид ихэд олзуурхаж, газрын хол, замын бартааг үл тоон хөлгийн жолоогоо Баацагаан сум руу залжээ. Энэ удаагийн наадамд хот, хөдөөгийн 40 найрагч шилдэг шүлгээ сойжээ. Хамгийн хол нь Дорнод аймгийн Халх гол сумаас ирж оролцсон бол найрагчийн төрж, өссөн Баацагаан сумаас долоон найрагч  оролцлоо. Энд УИХ-ын гишүүн, Баацагаан сумын уугуул Магваны Билэгт, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч,  Ч.Лхамсүрэн зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Батнасангийн Батсуурь, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат, МЗЭ-ийн гүйцэтгэх дарга, “Цог” сэтгүүлийн эрхлэгч М.Саруулдалай тэргүүтэй холын найрагчид, Баянхонгор аймгийн зохиолчдын холбооны тэргүүн, “Хүрэн морь” яруу найргийн наадмыг санаачлагч Б.Жавзандулам тэргүүтэй нутгийн найрагчид цөм энд цугларчээ. Тэдний дунд “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит, “Алтан Өд” эзэн гээд олноо уран бүтээлээрээ танигдсан олон найрагч байсныг энд дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл “Хүрэн морь” яруу найргийн наадмын цар хүрээ, чансаа өндөр төвшинд хүрчээ гэдгийн илэрхийлэл юм. Мэдээж хэрэг их зохиолчийн гэргий С.Цэндсүрэн өөрийн үр хүүхэд, ач зээ нарын нийлсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ханийнхаа төрсөн нутагт хөл тавьж хаанахын хэний сойсон шүлэг “Хүрэн морь”-ны тайзнаа жигүүр урган, сэтгэл гижигдэх бол гэдгийг сонирхохоор цөм бүрэн суудлаа эзэлжээ.

“Хүрэн морь” яруу найргийн наадам гурван шаттай явагдсан юм. Эхний шатанд 40 яруу найрагч арав арваар тайзнаа заларч  шүлгээ уншсан бол эднээс хоёрдугаар шатанд 15, гуравдугаар шатанд 5 найрагч үлдэж тус тусын шүлгээ уншлаа. Наадамд оролцох хүмүүсийн насны доод хязгаарыг 18 болгожээ.Наадмын шүүгчээр МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, М.Саруулдалай, Утга зохиол, урлаг сонины эрхлэгч, “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал, Их найрагч Ч.Лхамсүрэнгийн хүргэн, доктор, профессор Л.Хаш-Эрдэнэ, Ч.Лхамсүрэнгийн ач охин, сэтгүүлч Ариунаа, МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дараг Л.Баясгалангомбо, МЗЭ-ийн гишүүн, Баянхонгор аймгийн Зохиолчдын холбооны тэргүүн Б.Жавзандулам нар ажиллаа. Энэ удаагийн наадмын онцлог нь хэн эхний тавд үлдсэн бэ гэдгээ шууд мэдээгүй. Шүүгчид тус тусын оноогоо тавьж, дүнг хөндлөнгийн хяналт дор, наадмыг зохион байгуулах комиссынхон нэгтгэсэн юм. Найрагч ч тэр, шүүгч ч тэр хэн түрүүлснийг мэдээгүй тул догдлол хүлээлтээр дүүрэн эцсийн дүн мэдээг хүлээцгээсэн билээ.

Нөгөө талаар наадмын хоёрын даваанд өөр газар  өмнө уншаагүй шүлгээр өрсөлдөнө гэж оруулж өгсөн нь найрагчдын хувьд олны өмнө урьд нь уншаагүй шүлгээ түмний сонорт хүргэх боломжийг олгосон гэж хэлж болно.

“Хүрэн морь” 28 дахь удаагийн яруу найргийн наадмын дүн гарахад нийлбэр оноогоор Баянхонгор сумын яруу найрагч С.Мөнхтогтох тэргүүн байрыг эзэлж, наадмын Цом болох Хүрэн морины сийлбэр, хайр хүндлэлийн эзэн болсон. Мөн хоёрдугаар байрт өсч яваа залуу найрагч Д.Тунгалаг шалгарч, наадмын шүүгчид баянхонгорчууд нэгэн сайн найрагчаа хүлээж авахад бэлэн болжээ гэсэн магтаалаар сонороо мялаалгасан юм. Харин гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, Дорнод аймгийн Халх гол сумаас зорин ирж шүлгээ уншсан яруу найрагч Д.Жаргалсайхан оржээ. Шагналт дөрөвдүгээр байрт Баацагаан сумын залуу найрагч А.Гончигдорж, тавдугаар байрт Баацагаан сумын уугуул, Эрдэнэт хотоос ирж оролцсон яруу найрагч Т.Хоролмаа орсон юм.

Тэдний шагналыг тэмцээний шүүгчид болон УИХ-ын гишүүн М.Билэгт, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат нарын албаны төлөөлөл, их зохиолч Ч.Лхамсүрэнгийн хань, үр хүүхдүүд гардууллаа.

Мөн МЗЭ-ийн шагнал, нэрт зохиолч Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналаар яруу найрагч А.Батжаргалыг шагнасан бол “Утга зохиолын төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналаар Хүрэн морь наадмын цом болох Хүрэн морины сийлбэрийг хийж тус наадмыг дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж буй залуу уран бүтээлч, сийлбэрч Пүрэвсүрэнг шагналаа. Өмнө уг шагналыг их зохиолч Ч.Лхамсүрэнгийн охин Чулуунцэцэг авч байжээ. Мөн Их зохиолч Л.Лхамсүрэнгийн нэрэмжит шагнал бий болоод хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Их зохиолчийн мэндэлсний 100 насны ойн баярын энэ өдөр энэхүү хүндтэй шагналыг тус наадамд шүлгээ сойсон яруу найрагч Д.Жавхлан, Т.Хоролмаа нарт гардууллаа.

Энэ үеэр наадамд нас хүрээгүй үндэслэлээр хасагдсан залуу шүлэгч Лувсандэрэнлэйд Ч.Лхамсүрэн агсны гэр бүлийнхэн өөрсдийн нэрэмжит шагналаа гардуулж, Баацагаан сумаас төрөх гурав дахь яруу найрагч, их бичгийн хүн болоорой хэмээн ерөөлөө.

Ийнхүү их зохиолч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” 28 дахь удаагийн яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Найрагчийн гуч нар хурсан олныг баясган Ч.Лхамсүрэнгийн амьд ахуйдаа бүтээн туурвисан олон арван уран бүтээлээс нь уншиж, дуулж, хурсан олны нүдэнд баяр, бахдалын нулимс хуруулж байсныг мартаж болохгүй.

Уг наадмын хаалтын үеэр найрагт согтож, үгэнд хөөрсөн олон монголын яруу найргийн хүрэн морь дэлхийн яруу найргийн уяанд удахгүй янцгаана гэдэгт эргэлздэггүй хэмээн дуу нэгтэй хэлж байсныг тод санав. Тэрхүү дэлхийд данслагдах нэгэн энэ удаагийн наадамд оролцож онгодоо хөглөсөн нь эргэлзээгүй биз ээ.

III

Баацагаан суманд их найрагчтай холбоогүй зүйл нэгээхэн ч үгүй мэт санагдах аж. Цагаан далай сургууль найрагчийн нэрэмжит. Сумын төвийн барилга байгууламжийн өмнө хүрэн морины хөшөө дурсгал сүндэрлэх аж. Арга ч үгүй биз дээ. Их найрагчийн буй бие нь үгүй авч бүтээл туурвил нь өнөө хэр зуунаас зуун дамжин уншигчдын оюунаа мөнх юм чинь. Түүний дурсгалыг мөнхжүүлж, төрсөн нутагт нь уран бүтээлийн музей байгуулж, бүрэн зохиолын түүврийг нь ботилон хэвлүүлж, номын хөшөө босгосон байна.

Мөн аймгийн төв номын сангийн урд алдарт “Хүрэн морь”, “Маамуу нааш ир”-тайгаа мөнхөрсөн түүний гэгээн дүрийг урлан босгосон байдаг.

Тэгвэл энэ удаад “Хүрэн морь” яруу найргийн наадмын маргааш өглөө Ч.Лхамсүрэн агсны хань, үр хүүхдүүд Баацагаан сумын зүүн хойно байрлах сэрүүн дэнж дээр их найрагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн энх цагийн цагаан суваргыг бүтээн босгожээ. Тус суваргын нээлтийг нутаг усныхантай нь хамтдаа хийж, буян хурав. Эл суварга бол эрч нь сулраагүй, он цагт сульдаагүй их найрагчийн Хүрэн мориор хөглөгдөн өсч өндийж буй олон арван эрдэм номын хүмүүний авшиг хүртэх тэр ариун газар мөн болой.

Баацагаанчууд бөөн баярт умбан байна. Баацагааныг зорин очсон их зохиолчийн хань, үр хүүхдүүд баярын нулимс дүүрэн байна. 100 балчир багачууд “маамуу нааш ир” гэх маний ч тэр, таны ч тэр хэлд орохдоо сурсан мөнхийн дууг Баацагааны баярын талбайд цангинатал дууллаа. Баахан морьтон наадмын сэрүүн дэнжээр нааш цааш галигуулах юм. Бараан үүлс баруун хойноос нүүж харагдана. Магадгүй хур бороо орох бололтой. Бөөн цагаан ээжий нь намуухан долгилж, хөвөөгөөр нь хүүхэд залуучууд шуугилдана. Говьдоо мэндэлж, говьдоо мөнхөрсөн их найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн амирласан сүнс асар тэнгэртээ баярлан суугаа даа.

 

Б.ЧИНБАТ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.23) 2017 оны 07 сарын 26

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top