“Энержи Ресурс” тоос босч, хүн ”алдаг” шороон замаараа дахиад тээвэр хийх нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Х.Баттулга сайдын шийдвэрээр Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэх замыг Авто тээврийн болон Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран дөрөвдүгээр сарын 21-нээс хааж, 42 тээврийн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Нүүрс олборлогч “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК-д хар зам тавьж дуусгахаас нааш замыг нь нээхгүй гэж мэдэгдэж байсан ч “Энержи Ресурс” компани болон тус компанитай гэрээ байгуулсан 14 компанийн нүүрс тээвэрлэх ажлыг энэ сард эхлүүлэхээр болжээ. Харин “Таван толгой” ХК-ийн замыг нээхгүй гэдгээ ажлын хэсгийнхэн мэдэгдсэн байна.
“Энержи Ресурс” ХХК-ийн хүсэлтээр газар дээр нь очиж шалгалт хийсэн БОАЖЯ, ЭБЭХЯ, МХЕГ, АТГ, ЗЦГ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнууд Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэлх 245 км замын засварын ажилтай танилцсан юм байна.
Нүүрс тээвэрлэх шороон замыг Нүүрс экспортлогчдын нийгэмлэг, “Энержи ресурс” компани нийлэн 4.6 сая ам.доллар гаргаж засуулсан гэнэ.
Зассан зам гэдэг нь  тоос түйрэн боссон, осол аваарын аранга болсон хуучин шороон замынхаа 30-40 см гүн ховилыг л хайргаар дүүргэн индүүдсэн аж. Ажлын хэсэг түүнийг шалгаад, гурван шаардлага гэгчийг тавьжээ. Үүнд, уг замыг хоёр газарт нэлээд нарийхан тавьсан байсан тул ачааны том машин зөрөх аргагүй гэж үзээд өргөсгөх үүрэг өгсөн. Хоёрт, гурван газрын огцом эргэлт дээр 20-иод метр урт машин багтаж эргэхэд хэцүү, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул өөдөөс ирсэн машинтай мөргөлдөх эрсдэлтэй тул огцом эргэлттэй хэсгүүдийг өөрчлөхийг шаарджээ. Гуравт, зам дагуу тэмдэг байрлуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ шаардлагыг биелүүлмэгц замыг нээх гэнэ.
“Энержи ресурс” ХХК-ийн зассан зам нь машин явахад л арай дээр болсноос биш, байгаль орчин, нутгийн иргэд, жолооч нарт хор хөнөөлтэй хэвээр байгаа ажээ. Тэнд тоос босдгоороо босч, аваар гардгаараа гарах нөхцөл байдал хуучнаараа үлдсэн ч Засгийн газар, тэр дундаа зам тээвэр хот байгуулалтын яам шийдвэрээсээ буцсан нь сонирхол татаж байна.
Бид энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хүргэх болно.

 

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top