Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Төгрөг сумдад өрнүүлсэн бол өнөөдөр (2017.08.07)Дэлгэр суманд үргэлжлүүллээ.
Хэлэлцүүлгийг аймаг бүрт бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн зүүн бүсийн Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Чандмань, Цогт, Эрдэнэ сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Нарийн бичгийн дарга зэрэг нийт 114 албан хаагч, иргэн оролцов.
Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж, төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Э.Баярмаа МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ сэдвийн дор танилцуулга хийв.
УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүд тус бүр танилцуулга хийсний дараа хуулийн төсөлтэй холбоотой асуултад дэлгэрэнгүй тайлбар хийж, иргэдийн саналыг сонслоо.
Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баянсан багийн малын их эмч Д.Пүрэвдорж хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хувьд УИХ-ын сонгуулийг таван жилд нэг удаа, Ерөнхийлөгчийнхийг зургаан жилд, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах нь зардал болоод ажил хэмнэх сайн талтай. Олон сонгууль богино хугацаанд болдгоос ажил хийх хугацаа багасаж байна. Түүнчлэн, сумын Засаг даргыг томилоход улс төрийн намаас дэвшүүлсэн хүнийг бус, орон нутгийн иргэдээс олонхийн саналаар шууд сонгодог хэлбэр байж болох юм гэлээ.
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын өндөр настан Д.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын эрх, мэдлийг өргөжүүлэхээр тусгагдсаныг дэмжиж байна. 1999-2000 оны долоон өөрчлөлтийг засварлаж байгаа нь төр тогтвортой байхад нөлөөлж, олигархиуд болон оффшорчид төрдгөөс сэргийлэх, төрийн хяналт сайжрах давуу талтай гэсэн санал хэлж байлаа.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Завхан аймгийн Отгон суманд 2017 оны 08 дугаар сарын 08-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
DELHIIN NUUTS TOVCHOOND MONGOL ULS UNDSEN HUULIA SONGODOG BOLGONO GEJ ZOGNOJ