Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Элсний волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн” Хэрлэн голын эрэг, “Нархан” цогцолборт болж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 5 багийн 55 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс волейболын спортын мастер Ч.Төмөрбаатар ахлагчтай баг тэргүүлж, волейболын спортын мастер н.Жанузак ахлагчтай баг 2-р байр, волейболын спортын мастер Ж.Батжаргал ахлагчтай баг 3-р байр эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдээс Х.Буянзаяа ахлагчтай баг тэргүүлж, Д.Гантунгалаг ахлагчтай баг 2-р байр, Г.Оюун-Эрдэнэ ахлагчтай баг 3-р байрыг эзэлжээ.
Дашрамд сонирхуулахад, элсний волейбол 1920 оноос АНУ-ын өмнөд Калифорний Санта-Моникaд анх үүссэн гэж үздэг бөгөөд уламжлалт волейболоос үүсэлтэй гэж тооцдог. 1930-аад оноос баг бүр дөрвөн хүнтэй тоглодог байснаа удалгүй хоёр хоёроор тоглодог болжээ. 30-40-өөд оны үеэс Санта- Моникaгийн эргийн элсэн дээр тэмцээн явагддаг болж, дэлхийн 2-р дайны үед хэсэг завсарласны дараа 1948 онд “элсний штат”-д анхны тэмцээн зохиогдон жил бүр уламжлал болон явагддаг томоохон тэмцээн болж өргөжжээ. Элсний волейбол АНУ-аас хальж Бразил, Аргентин, Европ, Азийн орнуудад түгэн тархаж 1951 оноос эхлэн үзэгчидтэй болж, тэмцээнй үеэр гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг болсноор тэмцээн өргөн олныг хамарч нийтлэг шинжтэй болсон аж.
1976 онд АНУ-ын “элсний штат”-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож мэргэжлийн спортын үндэс тавигдсан гэж үздэг. Анхны дэлхийн аварга Жим Менжес, Грег Ли нар дэлхийн аварга цол хүртэж 5000 aм.доллараар шагнуулж байжээ. Тус тэмцээнийг 30000 орчим үзэгч үзэж, мэргэжлийн волейболын цуврал тэмцээний эхлэл тавигдсан түүхтэй.
Г.Нис
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )