Монголчууд өмнөд хөршид хар тамхи, Солонгост хулгайн хэрэгт голчлон холбогддог

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 12


Ардчилсан нийгэмд шилжсэн цагаас одоог хүрэхэд Монголчуудын очоогүй улс орон гэж бараг  үлдээгүй. Монгол хүний  дасан зохицох чадвар, ажилсаг, авьяасын тухай яриа их, “хуурай магтаал” эсэхийг мэдэхгүй ч  сайныг саар дагахын үлгэрээр гадаадын  улс орнуудад аялал, зугаалга, ажиллах, сурахаар очсон зарим  Монголчууд гэмт хэрэгт холбогдож нутаг нэгтнүүд болон улс орныхоо нэр хүндэд сэв суулгахуйц хэмжээнд  хүрч байна.

Монголчууд БНХАУ-ын Макоа, Хөх хот, Эрээн хот, Малайз улсад хар тамхины хэрэгт, хамгийн олон  Монголчууд амьдардаг БНСУ-д хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол дийлэнх байна. 2012 онд БНСУ-д ажиллаж амьдардаг гадаадын иргэдийг Монголчууд гэмт хэрэг үйлдэлтээр тэргүүлсэн “эмгэнэлтэй” судалгаа гарсан байв.

Эх нь булингартай бол адаг нь булингартай

Монголын дипломат ажилтнууд гэмт хэрэгт  холбогдсон дуулиан цөөн биш гарсан.

Болгар улсын Софи хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичиг Д.Шатарбал нь 120 кг цэвэр хар тамхи ачиж яваад замын цагдаа нарт баригдсан.

Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобусыг Украины хилчид саатуулав. Цагдаа нар шалгахад Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн бөгөөд нь бүгд тамхи байжээ. Хуучирсан боловч ийм мэдээллүүд сэтгэл эмзэглэм олон. Улсынхаа илэрхийлэл болсон дипломат байгууллагынхны нэр холбогдож, үгүйдээ байгууллагынх нь  дугаартай машин техникээс хууль бус бүтээгдэхүүн илэрч эх орныхоо нэрийг сэвтүүлж байхад энгийн иргэд нь гадаадад очоод хэрхэн  аашлах вэ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг.....  Холын жишээ гэвэл ийм.

Тос дотроосоо өтдөг
-Тэгвэл ойрын жишээнээс цөөнийг дурдахад илүүдэхгүй болов уу.
-Өмнөд  Солонгосын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газар  Монгол Улсын иргэн А, В, Г нар Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах хоёр компаниас 68 сая вон буюу монгол мөнгөөр 115 сая төгрөгөөр үнэлэгдэх хөнгөн цагаан, цахилгааны утас, автомашины хуучин эд анги зэрэг хоёрдогч түүхий эд бүлэглэн хулгайлсан гэж мэдэгдэв .

Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас: "Монгол Улсын иргэн, жуулчлалын визээр ирсэн  42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангилалын гурван сарын хугацаатай визтэй ирж  барааны болон хүнсний дэлгүүрүүдээс 10 удаагийн үйлдлээр хоёр сая воны бүтээгдэхүүн хулгайлсан” гэж мэдээлжээ.   

БНСУ-ын Бусан хотын цагдаагийн газраас мэдээлснээр Монголын хоёр эмэгтэй 10 дэлгүүрээс 287 хувцас 14.4 сая вон буюу 12400 долларын үнэтэй хувцас хулгайлсан байна. Эдгээр мэдээллээс өнгөц дүгнэхэд ёстой нөгөө “дэлбэлнэ” гэдэг нь болсон бололтой.

 БНСУ-д Монгол Улсаас албан бусаар 30 мянга гаруй хүн ажиллаж амьдардаг гэдэг. Монголчуудыг жуулчлалын визээр зорчуулдаг болсон нь сайшаалтай ч  уг визээр очсон Монголчууд “харлах” эсвэл хулгайн гэмт хэрэг үйлддэг нь тос дотроосоо өтдөгийн үнэнийг харуулж хууль, дүрмийн дагуу харь улсад ажиллаж, хөдөлмөрлөж буй нутаг нэгтнүүдийнхээ нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн юм.

Д.Дорж

 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (202.9.42.224) 2017 оны 08 сарын 15

еронхийлогчийн хууг хар тамхины хэрэгт холболдсон гээд л ярих юм унэн бол хуухэд нь тийм хумуужилтэй бол юул болоод бна даа Монглчууд минь

0  |  0
z(49.0.218.160) 2017 оны 08 сарын 13

xiataduudiig xooj gargaa xamgiin tyryynd battulgaa

0  |  0
Top