Янгир цөөрвөл цоохор ирвэс хоолгүйднэ

2017 оны 08 сарын 14

Цоохор ирвэс нь “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан билээ. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг.

Сүүлийн үед бог малын мялзан өвчний улмаас янгир өвчлөх нь нэмэгдэж байна. Энэ нь нэн ховор уг амьтанд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Хэдийгээр өвчлөл одоогоор өргөн хүрээнд тархаагүй байгаа ч нэг л мэдэхэд монгол бөхөн шиг эмгэнэлт байдалд орохыг үгүйсгэх аргагүй. Янгир цөөрвөл хэд, хэдэн сөрөг байдал үүсэх магадлалтай юм гэдгийг Дэлхийн байгаль сангийн Монгол дахь салбараас мэдээллээ.

Янгир нь нэн ховор цоохор ирвэсийн идэш тэжээлийн цөмийг бүрдүүлдэг бөгөөд нийт идэш тэжээлийнх нь 70 хүртэлх хувийг эзэлдэг аж. Тиймээс янгир цөөрөх нь ирвэсийн тоо толгойд сөргөөр нөлөөлж дэлхийд маш цөөхөн үлдсэн энэхүү ховор амьтанд ч “цохилт” болно. Мөн янгир цөөрснөөр хүн ирвэс хоорондын зөрчил нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь, хоол тэжээлгүй болсон цоохор ирвэс өлсч үхэхгүйн тулд малд халдах магадлал их болох юм.  

Түүнчлэн цоохор ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан аж. Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолгоо гэнэ. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана.  

Сонирхуулахад, генетикийн судалгаагаар цоохор ирвэс нь 3 дэд зүйлтэй болохыг албан ёсоор тогтоосон. Монгол оронд амьдардаг ирвэсүүд төв Ази, Төвд болон Хималайн нуруунд орших ирвэсүүдээс өөр, тусдаа дэд зүйл (Panthera uncia irbis) болох нь батлагджээ. Тиймээс Монгол орны ирвэсүүд нь зөвхөн Монголд л байдаг онцгой ховор амьтан бөгөөд хамгаалахгүй бол удахгүй устаж үгүй болох эрсдэлтэй амьтан юм.

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(66.181.176.146) 2017 оны 08 сарын 17

elbeg gazaraa bol nutgiinhand ad bolson amitan daa,

Хөнхөр(112.72.11.103) 2017 оны 08 сарын 15

1000 ирвэсэнд өдөрд 100 ямаа гаргаж өг

Top