Т.Солонго: Соёл урлаг нь нийгмээсээ түрүүлж алхах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

Нэгэн үе Монголын охидын хамтлагийн төлөөлөл болж байсан хамтлаг бол “Sweetymotion билээ. Тэгвэл тус  хамтлагийн гишүүн Т.Солонготой ажил, уран бүтээлийн тухай ярилцлаа.

-  Сайна уу Солонгоо. “Sweetymotion”  хамтлагаар сонин сайхан юу байна?

- Манай хамтлаг одоогоор уран бүтээлийн завсарлага авсан байгаа гэхэд болно. Бүгд тус тусынхаа ажлыг хийж байна. Хамтлагийн гишүүдтэйгээ байнга холбоотой байдаг. Хүмүүс  Сүндэрмааг пэйж ажиллуулж байгаа гэдгийг сайн мэдэх байх. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний чиглэлээр пэйж ажиллуулж байгаа.  Харин манай Ганболорын хувьд Vtv телевизийн захирлын албыг хашиж, хэвлэл мэдээллийн салбарт амжилттай явж байна. Сарнайгийн хувьд Чинбаа маань уран бүтээлийн тоглолт хийх гээд бэлтгэлдээ орсон байгаа. Тиймээс тоглолтынх нь бэлтгэл ажилд тусалж байгаа байх. Миний хувьд “Maestro musiс school” сургалтынхаа ажлыг хийхийн хажуугаар  гаргаж амжаагүй уран бүтээлээ туурвиж байна.

Сургалтын төвөө хэзээ нээсэн бэ. Ямар ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

- Манай Маестро сургалтын төв 2010 оноос хойш буюу долоон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.  Анх дөрвөн замын "Гранд Плазад" байрлаж байсан. Одоо Зайсангийн "Bella Vista" хотхонд үйл ажиллагаагаа явуулж байна. Төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, дуулаач, балет, иог, чөлөөт бүжиг гэх мэтчилэн төрлүүдээр сургалт явуулдаг. Насны ангиллын хувьд доод тал нь дөрвөөс дээш түүнээс цааш насны хязгаар байхгүй.  Долоо хоногт 2-3 удаа хичээллэнэ. Ихэвчлэн ганцаарчилсан сургалттай. Давхардсан тоогоор 8000 гаруй хүүхэд сураад байна

-  Хичээл зааж байгаа багш нарын мэдлэг ур чадвар хэр сайн бэ. Мөн төлбөрийн үнэ?

-  Зарим нэг хөгжмийн сургалтыг  ажихад мэргэжлийн бус хүмүүс зааж байх тохиолдол байдаг. Тухайлбал, дуу хөгжмийн багш төгөлдөр хуур зааж байх жишээтэй. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ хөгжмийн сургалтад сургах гэж байгаа бол сургалтын төвөө сайн судлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Манай “Maestro musiс school”  сургалтын төвийн багш нар бүгд мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс юм. Энэ нь бидний давуу тал. Төлбөрийн хувьд 60000-250000-ын хооронд байгаа. Долоон хоногт хэдэн удаа давталттай орохоосоо шалтгаална.


-  Саяхан хөгжим сонирхогч хүүхдүүдийн дунд танай сургалтын төвөөс  уралдаан зохион байгуулсан гэсэн. Хэр өргөн хүрээг хамарсан бэ?

-    Энэ оны зургадугаар сард “Magic Of the music” гээд улсын анхдугаар уралдааныг манай сургалтын төвөөс зохион байгуулсан. Тус уралдаанд 170 гаруй хүүхэд оролцсон. Уралдаан нь хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд төгөлдөр хуур, хийл гэсэн хоёр төрлөөр зохиогдсон. Энэ уралдаанаас харахад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд маш сайн анхаарч байгаа нь мэдрэгдсэн. Хөгжим амьдралд талх давс шиг хэрэгтэй биш ч хөгжимгүй амьдрал маш уйтгартай. Тухайлбал, хөгжимгүй нэвтрүүлэг, киног төсөөлөөд үз л дээ. Хөгжим нь хүүхдийн баруун зүүн тархийг хөгжүүлэх гэх мэт олон ач холбогдолтой. Сая зохиогдсон уралдаанд оролцсон сонирхогч хүүхдүүдийг харж байхад мэргэжлийн хүүхдүүдээс дутахааргүй олон хүүхэд байсан. Манай сурагчид ч оролцсон. Нэг сурагч маань шагнал авсан. Тэмцээнийг жил болгон уламжлал болгоод зохион байгуулна. Аль болох олон хүүхдийг оролцуулж, урамшуулах нь тус тэмцээний зорилго юм.


-  Sweetymotion хамтлагийн гишүүд яагаад тус тусдаа өөр өөрсдийн ажлыг хөөх болсон бэ?

- Одоо бид нар хэд хүрч байгаа билээ. Мөн Монголын нийгмийн байдлыг хүмүүс сайн мэдэх байх. Зөвхөн хамтлагаараа уран бүтээлээ туурвиад байх боломжгүй. Хамтлагийнхаа хажуугаар өөр ажлуудыг хийж байж амьдарна. Гэхдээ хамтлагаараа уран бүтээлээ хийхгүй гэсэн үг биш. Мэдээжийн хэрэг ажлын хажуугаар уран бүтээлээ ч давхар хийнэ.

-  Монголын анхны охидын хамтлаг “Sweetymotion” мөн үү?

- Манай хамтлаг  1998 онд “Охид” гэсэн нэртэйгээр байгуулагдаж байсан. Хамтлагийн 20 жилийн ой 2018 онд тохионо. Тухайн үед би хамтлагийн гишүүн байгаагүй. Байгуулагдсанаас нэг жилийн дараа Сэрчмаагийн оронд би орсон юм. Монголын анхны эмэгтэй хамтлаг бол “Спайк”. Тус хамтлагийн дараагаар манай “Sweetymotion” хамтлаг гарч ирсэн.

-  Тухайн үед  Монголд охидын хамтлаг хэр олон байсан бэ?

-  Тухайн үед охидын хамтлаг тун цөөхөн байлаа. “Спайк” болон манай хамтлагийн дараагаар “Уруулын будаг”, “Киви” гэх мэт хамтлагууд гарч ирсэн. Тухайн үеийн хамтлагууд цөөхнийхөө  хэрээр чанартай, зэрэглэл өндөртэй байсан юм шиг санагддаг. Бид том тайзан дээр гарахын тулд маш хүнд, урт хугацааны бэлтгэлийг тасралтгүй хийдэг байлаа. Тухайлбал, 2, 3 жилийн турш бэлтгэл хийж байж “Пентатоник”-ийн тайзан дээр гарч байсан.

-  Хамтлагийн гишүүн болоод ямар сэтгэгдэл төрж байв?

- Хамтлагт анх ороход маш их баярлаж байсан. Тэр чигээрээ л дурсамж даа. Анхны тайз, гадаадад хийж байсан аялан тоглолтууд гэх мэт. Тухайн үед тоглолт цөөхөн болно. Тэр хэмжээгээрээ чанартай, зохион байгуулалт сайтай болдог байсан. Үзэгчид ч чин сэтгэлээсээ үзье гэж зорьж ирдэг байлаа.



Таны үеийн охидын хамтлагийг одоо үеийн хамтлагтай харьцуулбал?

-  Аливаа зүйл бүхэн цаг хугацаатай байдаг. Биднийг бага байхад Айзам, Титэм гээд хамтлагууд байсан. Бидний ээж, аавын үед “Соёл Эрдэнэ” хамтлаг байлаа. Тиймээс  аав, ээж, ах, эгч нарт “Соёл Эрдэнэ” хамтлаг нь л үнэ цэнэтэй. Учир нь залуу нас гээд бүхий л дурсамж нь тус хамтлагтай өнгөрсөн байдаг. Эмээ өвөөгийн үед бол Түмэндэмбэрэл, Адарсүрэн гуайг сонсдог байсан. Тиймээс үе үедээ гарч ирж байгаа хамтлаг дуучид тухайн цаг үеийнхээ хүмүүст илүү хүрдэг . Одоо өсвөр насныханд шинээр гарч ирж байгаа хамтлагууд л сайхан санагдаж, сэтгэлд нь нийцэх нь лавтай.

-  Шинээр гарч ирж байгаа хамтлагийн ололттой болон шүүмжлэлтэй талыг та юу гэж хардаг вэ?

-  Одоо үеийн хамтлаг commercial талаасаа илүү уран бүтээл рүүгээ чиглэх хэрэгтэй байх. Ашиг, орлог олохоосоо илүүтэй нийгмээ хөгжүүлэх уран бүтээлийг түлхүү туурвих хэрэгтэй санагддаг. Учир нь соёл урлаг нийгмийнхээ түрүүнд явах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл соёл урлаг нь нийгмээ хөгжүүлэх юм.

-  Sweetymotion” хамтлаг хагарлаасаа болж тарж байна гэсэн яриа мэр сэр гарах болсон. Энэ үнэн үү?

-  Огтхон ч тийм зүйл байхгүй. Тухайн үед ажлаас болоод санал зөрөлдөх ганц нэг зүйл байлгүй л яахав. Харин одоо бол бид хэчнээн олон жилийг ардаа орхиж, хэр их дурсамжийг үдсэн гэдэг нь чухал.

-   Анх уран бүтээлээ туурвиж байхад хэцүү зүйл тохиолдож байв уу?

-   Байлгүй яахав. Монголын хэмжээнд дуу бичлэгийн ганцхан “Сонор” студи л байсан. Тиймээс маш ачаалалтай. Шөнө дуугаа бичүүлэх ч тохиолдол гарна. Гэх мэт зовлон бэрхшээлүүдийг даваад л өдийг хүрсэн.

-     Sweetymotion” хамтлаг олны хэл аманд нэлээдгүй орж байсан. Үүнд хэрхэн хандаж байв?

-   Олны хэл аманд өртдөггүй хамтлаг гэж байдаггүй. Сонинууд борлуулалтаа сайжруулахын тулд  янз бүрийн мэдээлэл гаргадаг байсан. Мэдээж хүн юм чинь гомдож, уйлдаг байлаа. Дараа нь эмзэглэх шаардлагагүй гэдгийг ойлгосон. Хэн нэг хүний компьютерын цаанаас худлаа зохиож байгаа зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй.

-   Та гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Тухайн үеийн хамтлагийнханд гоо сайхны мэс засал хийлгэсэн охид байсан уу?

- Урлагийн хүмүүсийн хөгшрөлт удаан явагддаг. Учир нь их эерэг ажил хийдэг болохоор байх. Би байнга фитнесээр хичээллэдэг. Миний фитнесийн багш бол Ази тивийн хошоо аварга Сарангоо гэж хүн бий. Багшийнхаа гарын шавь нь гэхэд болно. 2009 оноос хойш тасралтгүй хичээллэсэн. Долоо хоногт гурван удаа хичээллэдэг. Арьсаа бол бусад эмэгтэйчүүдийн адилаар л арчилна. Байнга гоо сайхны салоноор явж тариа тариулах гэх мэт арчилгаа хийлгэдэг хүмүүсийг бодвол харьцангуй бага. Миний үед гоо сайхны мэс засал дөнгөж л эхэлж байсан байх. Одоо ХХI-р зуун. Өөртөө сэтгэл хангалуун бус хүмүүс мэс засал хийлгэж өөртөө итгэлтэй алхаж байна. Гэхдээ Солонгос охидыг харахаар бүгд л яг адилхан царайтай болчихсон байдаг. Тиймээс бусдаас өөр байх нь илүү сайхан санагддаг. Энэ нь хувь хүний л сонголтын асуудал.

-   20 жилийн өмнөх Солонго одлоо байгаа Солонгын хооронд хэр их ялгаа байна?

-   Их урт хугацаа өнгөрч. Энэ хугацаанд оюун санаа бодол, ертөнцийг харах өнцөг мэдээж өөрчлөгдсөн. Тухайн үед ганц бие байсан бол одоо гурван хүүхдийн ээж, хүний хань, олон хүүхдийн багш болоод байж байна. Илүү их хариуцлагатай болсон.


-    Завгүй байдаг юм шиг байна. Гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?

-  Гэр бүл бол миний хувьд хамгийн үнэт зүйл. Үргэлж нэгдүгээрт байдаг. Тиймээс багахан л цаг гарвал үр хүүхэд, хань ижилдээ зориулахыг хүсдэг.

-   Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ. Урлагийн хүн болоход юу нөлөөлөв?

-  Би өөрөө хотынх. Өвөө минь Ховдынх. Миний хүүхэд нас бусад 1980-аад оныхонтой л адил өнгөрсөн. Картын бараанд дугаарлаад л. Ардчилсан үеийн шинэчлэлтийг  үзэж өнгөрөөсөн. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн багш нар цэцэрлэгүүдээр явж хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Намайг манай ээж Хөгжим бүжигт шалгуулсан юм. Ээж маань Хөгжим бүжгийн коллежийг төгссөн багш хүн болохоор хөгжим надад их ойр байсан. Хөгжим бүжгийн сургууль маш их ачаалалтай байдаг. Тиймээс ч тус сургуулийг төгссөн хүүхдүүд ачаалал даагаад сурчихдаг. Амьдрал дээр гарахаараа цагийг хий дэмий өнгөрөөж чадахаа байдаг. Одоо ч гэсэн би тийм л байна. Зүгээр цаг нөхцөөж чаддаггүй.

-   Гэр бүлээ танилцуулаач. Гэрлээд хэдэн жил болж байна?

-  Гэрлээд найман жил болж байна. Манай нөхөр IT инженерийн мэргэжилтэй. Бид хоёр хүүхэдтэй. Том нь эмэгтэй тавдугаар ангид сурдаг. Бага нь эрэгтэй одоо гурав хүрнэ. Том охин маань Хөгжим бүжгийн их сургуулийн тавдугаар ангид сурдаг.

-  Хөгжим хүнд их олон зүйлийг сургадаг юм шиг ээ?

- Хөгжим сурах нь хүнд маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Хөгжмөөр хичээллэсэн хүн энэрэнгүй сайхан сэтгэлтэй болно. Хүн болох төлөвшилтөд ч нөлөөлнө.  Япон, АНУ-д ч гэсэн хөгжмийн сургалтыг маш сайн явуулдаг.  Хятадууд ч энэ тал дээр анхаарч хөгжмийн сургалтыг 10 жилийнхээ хичээлийн хөтөлбөртөө оруулж, бодлогоор дэмждэг. Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд хөгжмөөр хичээллээгүй хүүхдээс маш олон талаараа давуу байдаг. Сонсох, мэдрэх, тэвчээртэй байх гэх мэт маш олон чадвар суулгана.

-  Хамтлагаараа уран бүтээлээ үргэлжлүүлээд  туурвих уу?

-   Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Манай хамтлагийн гишүүдийн ажил, цаг зав нь яаж таарахаас л шалтгаалах байх. Гишүүд маань бүгд өөр өөрсдийн гэсэн амьдралтай.

-  Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

-   Зорьсон ажлууд маш олон байна. Нэг нэгээр нь хэрэгжүүлээд явна даа. Тухайлбал, хөгжим сонирхогчдод зориулсан сурах бичиг гаргах гэж байгаа. Эртнээс бэлтгэсэн ажил. Нэлээдгүй судалгаа, шинжилгээ орж байна. Ер нь бодож санасан зүйл их. Уран бүтээлч хүн болохоор бүтээлүүдээ гаргах болно.



Маестро хөгжмийн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75751110 , 88075571 дугаарт холбогдоорой

 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.97) 2017 оны 08 сарын 21

одоо ч дэмждэг шүү. Бараг хамтлаг таржээ гэж бодтол үгүй байж. Солонго сайхан хэвээрээ л байна амжилт

0  |  0
фэн(202.9.41.97) 2017 оны 08 сарын 21

сайхан ярилцлага болжэээ

0  |  0
Top