Сэлэнгэ, Архангай, Өвөрхангайд хуй салхи, аадар борооны улмаас их хэмжээний хохирол учирчээ

Админ | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

2017 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна.

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар  Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогдсон, мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.

2017 оны 08 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасныг засварлахаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилчид ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/87 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Д.Дорж 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top