Монакогийн гадаад хамтын ажиллагаанаас санхүүжүүлсэн “Эрүүл мэнд ба Хоол тэжээл” төслийн хүрээнд Архангай аймгийн Чулуут, Хашаат сумын ЭМТ-үүд багийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг зохион байгуулжээ.
Үзлэгт эмч, сувилагч, хүлэмж болон нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сургалт хариуцсан ажилтан, тогооч, жолооч нараас бүрдсэн ажлын хэсэг хамтран таван багийн 100 гаруй малчдыг хамруулсан байна. Хүнсний нарийн ногооны ач холбогдол, ялангуяа хүнсний ногоог тогтмол хэрэглэснээр зүрх судас, артерийн даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой тухай малчид иргэдэд зөвлөж, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.
ЭМТ-ийн тогооч хүлэмжинд ургасан шинэхэн ногооны ургацын дээжээр долоон төрлийн хоол зуушийг малчидтай хамтран бэлтгэж, ногоо бүрийн ач холбогдлыг энгийнээр тайлбарлан өгч байсан нь иргэдийн сэтгэлд хүрсэн бөгөөд хүүхдүүдэд амин дэмээр баялаг сайхан хоол байна хэмээн талархаж байлаа. “Өмнөөр нь оролгүй өөрсдөөр нь хийлгэх” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Санте Сюд байгууллагын хувьд дээрх сургалтыг өөрсдөө санаачлан хэрэгжүүлж буй ЭМТ-үүдийг дэмжихдээ нэн таатай байгаагаа илэрхийлж байсан. Сумдын ЭМТ-өөс энэ төрлийн сургалт мэдээллийг цаашид илүү өргөн хүрээнд тогтмол зохион байгуулснаар ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад тодорхой ахиц гарна гэж үзэж байна.
Г.Нис
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )